Дэлхийн миссээр Ямайкийн гоо бүсгүй Тони-Энн Сингх тодорчээ

“Дэлхийн мисс-2019”-ийн финалын шатны шалгаруулалт Их Британи улсын Лондон хотноо боллоо. Дэлхийн миссээр Ямайкийн гоо бүсгүй Тони-Энн Сингх тодорч, титмийн эзэн болсон байна. Дэд байрт Францын гоо бүсгүй Офели Мезино, гуравдугаар байрт Энэтхэгийн гоо бүсгүй Суман Ратансингх Рао нар шалгарчээ.

Дэлхийн гоо бүсгүйн титмийн шинэ эзэн 23 настай бөгөөд АНУ-ын Флоридагийн их сургуульд сэтгэл зүй, феминологийн чиглэлээр суралцдаг аж. Тэрбээр хоол хийх, сайн дурын ажил явуулах, влог хөтлөх, дуулах зэрэг хоббитой байна.

Финалын шатны шалгаруулалт хэд, хэдэн хэсэгтэй байсан бөгөөд шүүгчид эцсийн шатанд тунаж үлдсэн 40 гоо бүсгүйгээс шилдэг 12-ыг нь шалгаруулж, дараа нь шилдэг тавыг нь нэрлэжээ. "Дэлхийн мисс-2019" тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй Үндэсний ялагч мисс М.Цэвэлмаагийн хувьд шинэ амжилтыг тогтоов.

Түүний санаачилсан элэгний өвчлөлийн эсрэг "Эрүүл Монгол–Эрүүл Дэлхий" төсөл “Зорилго бүхий гоо сайхны’ шалгуурт анх удаа шилдэг 10-т багтсан нь  онцлох амжилтын нэг юм.

Мисс М.Цэвэлмаа дэлхийн 130 орны гоо бүсгүйчүүдтэй өрсөлдөн "Авьяас" номинацад топ зургаа, "Head to head challenge Group" дөрвөн ялагчийн нэг, "Multimedia" төрлийн топ гуравт, "Зорилго бүхий гоо сайхан" топ 10 гэсэн амжилтуудыг үзүүлэн Монгол Улсын амжилтыг шинэчлэн тогтоолоо.

Дэлхийн гоо бүсгүй шалгаруулах дараагийн тэмцээн Тайланд улсад болно.