Роксетын домогт Мэри таалал төгслөө

"Roxette" поп-рок хамтлагийн гоцлол дуучин гэдгээрээ алдартай, хөгжмийн зохиолч, дуу зохиогч, төгөлдөр хуурч Мэри Фредрикссон 61 насандаа таалал төгслөө. 

"Бидний хамгийн хайртай уран бүтээлчдийн нэг таалал төгссөн гунигт мэдээг дуулгах хэрэгтэй болж байна. Мэри Фредрикксон удаан хүндээр өвчилсний эцэст 12 дугаар сарын есөнд гэртээ таалал төгслөө" хэмээн дуучны төлөөлөгч мэдэгджээ. 

Энэ мэдээ гарсны дараа Роксет хамтлагийн гишүүн Пер Гессле эмгэнэл илэрхийлсэн байна.

"Цаг хугацаа дэндүү хурдан урсан одох юм. Ердөө л өчигдөрхөн Мэри бид хоёр Хальмстад дахь жижигхэн өрөөнд суугаад мөрөөдлөө хуваалцаж байсан санагдана. Баярлалаа, Мэри, бүх зүйлийн төлөө баярлалаа. Чи үнэхээр гайхалтай уран бүтээлч байсан. Чи 40 гаруй жил миний сайн найз нөхөр байлаа. Чамтай хамт урт хугацааг өнгөрүүлсэндээ ихэд бахархаж байна. Халуун дулаан сэтгэл, өгөөмөр, хошин найрсаг зантай байсанд чинь баярлалаа. Чамд болон танай гэр бүлийнхэнд би хайртай" хэмээн тэрбээр мэдэгджээ.

Фредрикссоныг сүүлчийн замд нь үдэх ёслолд зөвхөн гэр бүлийн гишүүд оролцоно гэж ойр дотныхон нь мэдээлсэн байна.

Энд дуулгахад, Мэри хүнд өвчинтэй тэмцэж байсан бөгөөд 2002 оны есдүгээр сард тархины хорт хавдартай гэж оношлогджээ. Түүний хагалгаа амжилттай болсон бөгөөд нөхөн сэргээгдэх хугацаандаа Мэри уран бүтээлээ туурвисан хэвээр байсан юм.

Ингээд 2005 оны 10 дугаар сард бүрэн эдгэсэн, цаашид эмчилгээ хийх шаардлагагүй гэсэн албан ёсны мэдэгдэл гарч байв. Гэвч эмч нарын зөвлөснөөр тоглолтод оролцох боломжгүй болж, 2016 онд Роксет хамтлаг 30 жилийнхээ ойд зориулсан аялан тоглолтоо цуцалж байлаа.

"Хавдар дахиагүй ч хавдрын улмаас Мэригийн нэг нүд нь хараагүй болж, хөл нь өвдөж эхэлсэн. Тэр бараг явж чаддаггүй байсан" хэмээн Пер Гессле хэвлэлийнхэнд ярьжээ.