Б.Ганхуяг: Иргэдэд олгох байсан ногдол ашгийг төмөр замын бүтээн байгуулалтад шилжүүлсэн

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар “Эрдэнэс-Тавантолгой” хувьцаат компанийн 1072 хувьцааг эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах асуудлаар мэдээлэл сонсож байна. Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд холбогдох албан тушаалтнуудаас асуулт асууж, хариулт авч байгаа юм.

Д.Тогтохсүрэн: -"Эрдэнэс-Тавантолгой" компанийн иргэдэд ногдох хувьцааны ногдол ашгийг өгч болдоггүй юм уу. Хувьцаагаа барьцаалан хөрөнгө босгож томоохон төслүүдээ хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. Гэхдээ иргэдийн эзэмшиж байгаа 14.7 хувийн хувьцаа үүнд багтахгүй гэж ойлгож байна. Тиймээс ногдол ашгийг нь өгч болдоггүй юм уу?

"Эрдэнэс-Тавантолгой" компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг: -Иргэдэд ногдол ашиг болгон 55.4 тэрбум төгрөгийг хуваарилахаар төлөвлөж байсан. Засгийн газар ч ийм чиглэл өгсөн. Гэвч иргэд бүртгэлээ 100 хувь хийгээгүй байгаа учраас зохион байгуулахад хүндрэл үүссэн. Мөн иргэдээс ногдол ашиг хүртээх нь зөв эсэхээр санал авсан. Санал асуулга цахимаар явагдсан. Санал асуулгад оролцсон иргэдийн олонх нь томоохон бүтээн байгуулалтад зарцуулахыг дэмжсэн. Тиймээс компанийн цэвэр ашиг 750 тэрбум төгрөгийг төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулсан.

Ц.Гарамжав: -Иргэдийн нэгж хувьцаанд 25 төгрөг ногдож байгаа гэсэн мэдээлэл гарсан. "Эрдэнэс-Тавантолгой" компанийн ТУЗ хуралдаад ногдол ашиг тараах шийдвэр гаргасан. Гэтэл энэ шийдвэрээ цуцлаад бүтээн байгуулалтад зарцуулахаар болсон. ТУЗ-д иргэдийн эрх ашгийг төлөөлдөг хүн бий юү. Бүтээн байгуулалтыг дэмжих хэрэгтэй. Гэхдээ төмөр замын бүтээн байгуулалт иргэдэд ногдох байсан багахан хэмжээний мөнгөөр дутаагүй байх гэж бодож байна.

"Эрдэнэс-Тавантолгой" компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг: -ТУЗ шийдвэрээ өөрчилж, иргэдэд олгох ногдол ашгаа бүтээн байгуулалтад зарцуулахаар болсон нь үнэн. ТУЗ хараат бус дөрвөн гишүүн байдаг. ТУЗ шийдвэрээ өөрчилсөнтэй холбоотойгоор Ерөнхий сайд чиглэл өгсөн. Ингэхдээ "Иргэдэд олгохоор төлөвлөж байсан 55.4 тэрбум төгрөгийг төмөр замд зарцуулахаар болсон ч тодорхой хугацааны дараа иргэдэд олгох нь зүйтэй" гэсэн.