Ц.Мөнхцэцэг: МАН “60 тэрбум”, ЖДҮ-д холбогдсон гишүүдээ нэр дэвшүүлэхгүй

Авлигын эсрэг олон улсын өдөр өчигдөр тохиолоо.

Энэ өдрийг тохиолдуулан “Шилэн нам” авлигын эсрэг түншлэлээс “Улс төрийн санхүүжилтийн ил тод байдлыг хангаж, авлигын эрсдэлээс сэргийлэх эрх зүйн орчинг бүрдүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулсан.

Уг түншлэлд УИХ-д суудалтай МАН, АН, МАХН-ууд нэгдсэн байдаг ч Монголын улс төрийн өнгийг тодорхойлж буй эдгээр намын санхүүжилт өнөөдөр олон нийтэд төдийлөн тодорхой бус байгаа. Намуудын үйл ажиллагаа явуулах, сонгуульдах хөрөнгө мөнгөө хаанаас босгодгийг тодорхойлох боломжгүй бөгөөд “ойлгомжгүй бүрхэг” гээд тодорхойлчиход нэг их буруудахгүй. Тиймээс “Шилэн нам” түншлэлээс Улс төрийн намын авлигын эрсдэлийн үнэлгээг МАН, АН, МАХН-д хийжээ. Өчигдрийн хэлэлцүүлгийн үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх Ц.Мөнхцэцэг намынхаа авлигын эрсдэлийн үнэлгээг танилцуулсан юм.

МАН-ын стратеги академийн захирлын албан тушаалыг давхар хашдаг тэрбээр  “Улс төрийн намын авлигын эрсдэлийн үнэлгээний загвараар МАН-ын дотоод үйл ажил­лагаа, авлигаас хэрхэн сэргийлдгийг, намын санхүүгийн аудитын шалгалт тогтмол явагддаг эсэх, дүрэм журам, авлигыг хязгаар­лах ямар орчин байгаа гэдэгт анализ хийлээ. Нийт 28 шалгууртай том үнэлгээ болсон. Ерөнхийдөө МАН-ын дотоод хяналттай дүйж байгаа. Тухайн намд авлигаас сэргийлэх уламжлал хэр байдаг вэ.

Энэ талаар намын удирдлагууд хэр чин эрмэлзэлтэй байдаг юм. Улс төрийн намын гол баримт бичигт ямар шалгуур байдаг зэргийг эхний ээлжид үнэлсэн байна.

МАН анх 1925 онд Хяналтын ерөнхий хороогоо байгуулж байжээ. Намын Хяналтын ерөнхий хороо дотоод үйл ажиллагаа болон санхүүжилт, намаас томилогдсон албан тушаалтнуудын ёс зүйн зөрчилд хяналт тавьж ажилладаг. Энгийн гишүүдийн зүгээс ч маш их хэмжээний өргөдөл гомдол ирдэг байгууллага бол Хяналтын ерөнхий хороо. Энэ бүтэц жил бүр гишүүдээс ирсэн өргөдөл гомдол, намын дүрмийн хэрэгжилт, ёс зүйн алдаа зөрчилд аудит хийн Бага хуралд, шаардлагатай үед Удирдах зөвлөлд мэдээлдэг. Тухайлбал, “60 тэрбум”-ын хэрэг, ЖДҮ-гийн асуудлаар тодорхой тогтоолууд гаргаж, түүнийгээ олон нийт болон Удирдах зөвлөлд мэдээлсэн. Улмаар 2017 онд хуралдсан намын XXVIII Их хурлын үеэр авлига, улстөрчдийн хариуцлагын асуудал өндөр түвшинд яригдсан. Үүнтэй холбогдуулан намын дүрэмд багагүй өөрчлөлтүүд оруулсан байгаа. Тухайл­­бал, Хяналтын ерөнхий хороо болон МАН-ын баримталж буй зарчим болох ямар нэг авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон этгээд буюу намын гишүүн улс төрийн дэмжлэг хүлээхгүй гэсэн заалт хэрэгжиж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, “60 тэрбум”-ын хэрэг, ЖДҮ-гийн асуудал, мөн бусад ёс зүйн асуудалд нэр холбогдсон. Тэр нь шүүхээс тогтоогдсон гишүүд  дараа дараагийн УИХ-ын болон бусад сонгуульд нэр дэвших боломжгүй болж байгаа. Намын 2019 онд хуралдсан III Бага хурлаар мөн дүрмийн өөрчлөлт хийсэн. Хариуцлага алдаж, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон гишүүдийг намаас түдгэлзүүлэх, намаас дэмжлэг үзүүлэхгүй байхаар буюу улс төрийн намд тавигддаг дээд хэмжээний сахилгын шийтгэл оноох бүрэн эрхийг Хяналтын ерөнхий хороонд өгсөн байгаа.

МАН-д одоогоор авлигаас сэргийлэх стратеги байхгүй. Гэхдээ намын хөгжлийн хөтөлбөр болон бусад баримт бичгүүдэд ёс зүйн асуудал онцгой байр суурь эзэлж байна. Жишээлбэл, Намын хөгжлийн хөтөлбөрт санхүүжилтийн таван шинэ зарчим орсон. Гишүүдийн татварыг бүрэн төвлөрүүлэх тогтолцоог нэвтрүүлнэ. Улс төрийн намуудын гол цөм нь гишүүдийн татвар байх ёстой. Өнөөдөр МАН-аас авахуулаад бараг бүх нам гишүүдийнхээ татварыг төвлөрүүлж чаддаггүй. Хэрвээ татвараа төвлөрүүлж чадвал, хэдхэн бизнесмен тэрбумаар нь мөнгө хандивлаад сонгуулийн тойрог авдаг жишиг байхгүй болно. Тиймээс эхний зорилт гишүүдийнхээ татварыг бүрэн төвлөрүүлэх юм. Үүний тулд цахим намын системд шилжсэн. Намын санхүүжилтийг цахимаар хянана. Зарцуулалтыг нь ил тод болгож, олон нийтэд зарладаг болно. Ер нь бол намын санхүүжилтэд аудит хийлгэж ирсэн. Гэвч түүнийгээ олон нийтэд ил тавьдаггүй.

Намд авлигын эсрэг лидер байдаг эсэхэд хариулахад, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн шударга ёсны төлөөх тэмцэл сүүлийн хоёр жилийн хугацаанд олон нийтээс маш их дэмжлэг авч байгаа. МАХН болон АН дэмжигчид хүртэл Ерөнхий сайдын авлигын эсрэг тэмцлийг дэмжиж байна. МАН-д авлигын эсрэг асар том уур амьсгал бий болсон. “МАНАН бүлэглэлийг зайлуулах”, “60 тэрбум”, “Эрдэнэтийн 49 хувь”, “Стандарт банк”, нэр бүхий бондууд, концесстэй холбоотой асуудлуудыг шударгаар шийдэх тухай уриалгыг олон нийт дэмжиж байгаа нь судалгааны дүнгүүдээс харагдаж байгаа. Улс төрийн намын авлигын эрсдэлийн үнэлгээнд бас нэг сонирхолтой асуулт байсан нь намын аль албан тушаалтан авлигад хамгийн их өртдөг талаар юм.

МАН-ын албан тушаалтнуудаас авлига албан тушаалын хэрэгт холбогдсон хүмүүс нь дандаа бодлогын түвшний шийдвэр гаргагчид байгаа. Түүнээс биш намын аппарат дотроос ямар нэг байдлаар авлига авсан, ёс зүйн алдаа гаргасан хүн байхгүй” гэж танилцуулсан.

Харин АН-ынхан Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойг тэмдэглээд, авлигын эсрэг үнэлгээгээ танилцуулах завгүй гэдгээ мэдэгдсэн бол МАХН-ын зүгээс ямар нэг хариуг өгөөгүй гэдгийг зохион байгуулагчид хэллээ.

Ерөнхийдөө Монголын улс төрийн намуудын санхүүжилтийн ил тод бай­дал, авлигын дүр төрх ийм байна. “Шилэн нам” түншлэлээс “Улс төрийн санхүүжилтийн ил тод байдал, авлигын эрсдэлийн үнэлгээ” судалгааны тайланд үндэслэн намын болон сонгуулийн бүртгэлийг хяналт, хариуцлагын тогтолцоотой уялдуулах шаардлагатай гэдэг дүгнэлт хийсэн. Олон улсад улс төрийн намуудыг бүртгэдэг байгууллага нь хянадаг, хянадаг байгууллага нь хариуцлага тооцдог зарчим хэрэгжүүлдэг туршлага байдаг аж.

Монголд улс төрийн намыг Дээд шүүх бүртгэдэг ч хяналт тавьж, хариуцлага хүлээлгэж чаддаггүй. Хуульдаа ч ийм зохицуулалт хийж өгөөгүй нь Улс төрийн санхүүжилтийн тухай хуультай болохын практик шаардлага болжээ. Мөн УИХ-д суудалтай намуудын төсвийн дэмжлэгийн зорилго тодорхойгүй, үр дүнгийн тайлагнал байхгүй, хяналт, хариуцлагатай уялдаагүй байгаа нь намуудыг бизнесменүүдийн нөлөөллөөс салгахад саад болж буйг хэлээд өгчихөж байна.