Финландын 34 настай бүсгүй дэлхийн хамгийн залуу Ерөнхий сайд боллоо

Финландын Зам тээврийн сайд 34 настай Санна Марин тус улсын эрх баригч Социал Демократ намын даргаар сонгогдож улсынхаа төдийгүй, дэлхийн хамгийн залуу Ерөнхий сайд боллоо.

Тэрбээр анх 27 насандаа өөрийн уугуул Тампир хотынхоо Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар сонгогдсоноор улс төрийн замнал нь эхэлсэн гэнэ.

Өмнөх Ерөнхий сайд Анти Рин нь тус улс даяар өрнөж буй шуудангийн ажилчдын ажил хаялтын гол буруутан болж, улмаар ажлаа хүлээлгэн өгсөн юм. Энэхүү ажил хаялт нь тус улсын эдийн засагт ихээхэн хохирол учруулаад байгаа аж.

Шинэхэн Ерөнхий сайд Санна “Бид ард иргэдийнхээ итгэлийг дахин олж авахын тулд шаргуу ажиллах хэрэгтэй байна. Би өдийг хүртэл өөрийн нас хүйснийхээ талаар огт бодож байгаагүй. Улс төрд орсон гол шалтгаан болох ард түмний итгэл найдварыг алдахгүй юмсан гэж хичээж ирсэн” хэмээн ярьжээ.

Финландын Эвслийн Засгийн газрын бусад дөрвөн намыг мөн л эмэгтэйчүүд удирддаг. Зүүн эвслийг 32 настай Ли Андерсон, Ногоон намыг 34 настай Мария Охисало, Төв намыг 32 настай Катри Кулмани нар удирддаг бол 55 настай Анна-Мажа Хенрикссон нь Шведийн Ардын намын дарга аж.