Трамп БНХАУ-тай худалдааны хэлэлцээр хийхэд бэлэн

Өөрсдөдөө ашигтай нөхцлөөр Хятадтай шинээр худалдааны хэлэлцээр байгуулахад АНУ бэлэн байгаа ч энэ төрлийн хэлэлцээр байгуулах хугацааг тогтоогоогүй хэмээн Америкийн Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдсэн талаар ВВС дамжууллаа. 

Одоогоор АНУ Хятадын харилцаа сайн байгаа бөгөөд хэлэлцээрт гарын үсэг зурснаар нөхцөл байдлыг илүү сайжруулах боломжтой гэж Трамп онцолсон байна.

"Эцсийн хугацааг тогтоогоогүй, сонгууль хүртэл /АНУ-ын Ерөнхийлөгчийн 2020 оны сонгууль / хүлээсэн нь дээр байх" хэмээн Трамп цохон тэмдэглэжээ. 

Мөн Хятад улс "яг одоо хэлэлцээр хийхийг хүсч байгаа" хэмээн Америкийн төрийн тэргүүн онцолсон байна.

Дашрамд дуулгахад, АНУ, Хятадын худалдааны дайн энэ жилээс хурцдаж, талууд харилцан ашигтай хэлэлцээр хийх явцыг эхлүүлсэн ч үүнд олон хүчин зүйлс нөлөөлөн төдийлөн урагшлахгүй байгаа юм. Хамгийн сүүлд гэхэд л Хонконгод өрнөж буй улс төрийн хямралаас үүдэлтэйгээр АНУ "Хонконг дахь ардчилал, хүний эрхийн тухай хууль" баталсныг БНХАУ эсэргүүцэн, "нэг улс, хоёр систем " тогтолцоог үл хүндэтгэсэн хэрэг хэмээн мэдэгдэж байлаа. Мөн энэ нь хоёр орны худалдааны дайныг эцэслэх хэлэлцээрт сөргөөр нөлөөлж болзошгүй гэж шинжээчид үзэж байгаа юм.