С.Чинзориг:

ХНХ-ын сайд С.Чинзориг "Капитал" банкинд НДС-гийн мөнгийг байршуулсантай холбоотой мэдээлэл хийв.

Тэрбээр "Намайг ХНХ-ын сайдаар томилогдоод ирэхэд нийгмийн даатгалын сангаас мөнгө байршуулсан байсан. Түүнээс хойш нэг ч төгрөг нэмж хөрөнгө байршуулаагүй.  2017-2018 онд хугацаа дууссан “Мөнгөн хадгаламжийн гэрээ”-г сунгалгүй мөнгөн хөрөнгийг хадгаламжаас харилцах дансанд шилжүүлсэн.

Тодруулбал, Капитал банкинд байсан 79.0 тэрбум төгрөгийн Мөнгөн хадгаламжийн гэрээний хугацаа 2017 оны 12 дугаар сарын 26-нд дууссан тул гэрээг сунгалгүйгээр мөнгөө буцааж татах зорилгоор зарлагын гүйлгээ хийлгэх төлбөрийн хүсэлтийг удаа дараа  хүргүүлсэн боловч гүйлгээ хийгдээгүй.

Гэрээ сунгагдаагүй байх хугацаанд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос Нийгмийн даатгалын сангийн зарцуулалтыг шалгаж, санал, дүгнэлт шийдвэр гаргах ажлын хэсэг байгуулж ажиллуулсан. Тус ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн Байнгын хорооноос чиглэл өгсөн болно.

Байнгын хорооноос өгсөн чиглэлд “...банкуудын хадгаламжийн дундаж хүүг баримтлан нэн даруй байршуулах, харилцах дансанд байгаа мөнгөн хөрөнгийг хадгаламж хэлбэрт шилжүүлэх”, “...хүүгийн орлогыг нэмэгдүүлэх, хадгаламжид байршуулалгүй харилцахад байршуулж байгаагаас учирсан хохирлыг шийдвэрлэх арга хэмжээ авах”  гэж заасан байсан.

Энэ чиглэлийг хэрэгжүүлэх хүрээнд 2018 оны зургадугаар сард хугацаа дуусч  харилцах дансанд шилжүүлсэн 79.0 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгийг хадгаламжийн дансанд шилжүүлэн 15.2 хувийн хүүтэй, есөн сарын хугацаатай байршуулах, ингэхдээ хүүг дөрөвдүгээр сарын 1-нээс тооцон нөхөж авах нөхцөлтэйгээр гэрээг сунгасан. Өөрөөр хэлбэл, мөнгөн хөрөнгийг тухайн банкны дотор данс хооронд шилжүүлсэн.

Дээрх 79.0 тэрбум төгрөгийн хадгаламжийн гэрээний хугацаа 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дууссан бөгөөд гэрээг сунгаагүй тул мөнгөн хөрөнгө  харилцах дансанд шилжсэн.

Тэтгэврийн хүүг дорвитой бууруулах арга хэмжээ өнгөрсөн хугацаанд авч эхэллээ. Хамгийн олон тэтгэвэр авагч "Капитал" банкаар үйлчлүүлдэг байсан байна.

"Капитал" банкны өр барагдуулах явц удаан байна. Үндсэн хөрөнгөөр НДС-гийн өр барагдуулах санал байна. Үүнийг танай НДС худалдан авч, мөнгөө шийдвэрлэх боломжтой гэдгийг Монголбанк ярьж байгаа. "Капитал банкны удирдлагуудад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа учир хөрөнгийг нь битүүмжилсэн асуудал байна" хэмээн мэдээлэв.