Оросоос Хятад руу хий нийлүүлэх хоолой ашиглалтад орлоо

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин болон БНХАУ-ын дарга Ши Жинпин нар Оросоос Хятад руу хий дамжуулах  “Сила Сибири” хоолойн нээлтийг хийлээ. 

“Сила Сибири” нь Оросын төрийн өмчит “Газпром” компанийн түүхэн дэх хамгийн өргөн цар хүрээтэй хөрөнгө оруулалтын төсөл гэж Ведомости онцолсон байна. Оросын тал Хятадын төрийн өмчит CNPC компанитай гэрээ байгуулснаар БНХАУ-ын зах зээлийг чиглэсэн экспортын хий дамжуулах хоолойг байгуулах ажил 2014 оны есдүгээр сард эхэлжээ. 

Энэ хэлэлцээрийг 30 жилийн хугацаатай байгуулсан бөгөөд энэ хугацаанд Оросын Дорнод Сибирийн орд газруудаас нэг их наяд куб метр гаруй хийг Хятадын зах зээлд нийлүүлэх аж. Гэрээний нийт өртөг 400 тэрбум ам.доллар орчим болно гэж “Газпром”-ын төлөөлөгчид мэдэгдэж байлаа. 

2014 оны байдлаар төслийн нийт өртөг 55 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байв. 

Хий дамжуулах хоолой барихаас гадна энэ төслийн хүрээнд тус бүр нь жилд 25 тэрбум куб метр хий олборлох Якут дахь Чаяндинск болон Эрхүү муж дахь Ковыктинскийн  орд газрын ашиглалт төсөлд тусгагдаж байгаа юм байна.  Түүнчлэн хоолойн төгсгөл хэсэгт буюу Благовещенскийн хил орчимд “Газпром” жилд 42 тэрбум куб метр хий боловсруулах хүчин чадалтай Амурскийн хий боловсруулах үйлдвэр барихаар төлөвлөжээ. 

БНХАУ руу нийлүүлэгдэж буй хийнээс этан, пропан, бутан, гелийг ялган авах энэ үйлдвэрийг 950 тэрбум рублиэр босгоно гэж төлөвлөж байгаа юм байна. 

Гэрээний дагуу “Газпром” компани Хятад руу жилд 38 тэрбум куб метр хий нийлүүлэх ёстой ч 2025 онд л энэ хэмжээнд хүрнэ гэж компанийн төлөөлөгчид мэдээлсэн байна. Хятад руу нийлүүлэх хийн нийлүүлэлтийг “Газпром” шат дараатайгаар нэмэгдүүлэх бөгөөд “Сила Сибири” хоолойг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулахын тулд Эрхүү муж дахь Ковыктинскийн орд газрын олборлолтыг хийж эхлэх ёстой гэнэ. 

Энэ ажлыг 2025 онд хийж гүйцэтгэнэ гэж төлөвлөжээ. 

Дашрамд дуулгахад, БНХАУ дэлхийн хамгийн хурдан өсөлттэй хийн зах зээл болно гэж шинжээчид таамагладаг. 2018 онд энэ улсын хийн хэрэглээ 17,7 хувиар өсч 283 тэрбум куб метрт хүрсэн бол импортын хэрэгцээ нь 121,3 тэрбум куб метр болсон байна. 

Олон улсын эрчим хүчний агентлагийн тооцоолсноор ойрын 20 жилд дэлхийн хийн худалдааны өсөлтийн 30 орчим хувь нь Хятадад ноогдох аж.