Нийслэлийн төсвийн дийлэнхийг хот байгуулалт дэд бүтцэд зарцуулна

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXIX хуралдаан өндөрлөлөө. “Нийслэлийн 2019 оны төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэл, нийслэлийн ИТХ-ын 2019 оны 26/23 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай, нийслэлийн 2020 оны төсөв батлах тухай”  хүрээнд хороодын оруулсан найман саналыг олонхын саналаар дэмжиж, нийслэлийн 2020 оны төсвийн нийт орлого 928.3 тэрбум төгрөг байхаар тооцож, төлөвлөгөөт ажлуудаа хэрэгжүүлэх тогтоол гаргав.

Мөн хуралдаанаар “Авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай”, “Нийслэлийн 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай”, “Нийслэлийн өмчөөс 2020 онд хувьчлах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт батлах тухай” асуудлуудыг хэлэлцэн, тогтоол гаргав.

Улаанбаатар хот 830 гаруй км урт авто замтай. Тус замаар зорчсоны төлбөр болгон авч буй хөрөнгөөр эвдрэл, гэмтлийг гүйцэт засах боломжгүй учир нийслэлийн Засаг дарга төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэх санал ирүүлсэн байдаг. Төлөөлөгчид уг асуудлыг хэлэлцэн, олонхын саналаар төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоохыг дэмжлээ. Түүнчлэн ирэх онд нийслэлийн өмчөөс нэг хуулийн этгээд, долоон барилга байгууламжийг хувьчлахыг дэмжиж, төсөвт төвлөрүүлэх орлогыг Өмч хувьчлалаас нийслэлийн төсөвт төвлөрүүлэх орлогыг 68.3 тэрбум төгрөг байхаар батлав.

Хуралдааны төгсгөлд нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва “Та бид нийслэлийн 2020 оны төсвөө баталлаа. Хотын хөгжлийг бүтээн байгуулалтаар хэмжиж болох ч иргэдийнх нь амьдрах орчин, нөхцөл хэр сайжирсан бэ гэдэг хамгийн гол шалгуур. Үүнийг төрийн захиргааны болоод ажил хариуцсан албан тушаалтнууд сэтгэлдээ тээж, хичээж ажиллаарай. Төсөв батлах бол нэг хэрэг. Түүнийг хэрэгжүүлж ажиллах нь хамгийн чухал гэдгийг Та бүхэнд нийслэлийн ИТХ-ын өмнөөс дахин сануулан хэлье. Хязгааргүй хэрэгцээг хязгаарлагдмал төсвөөр гүйцэлдүүлэх боломжгүй хэдий ч өнөөдрийн нөхцөл байдлыг зөв дүгнэж, санхүүгийн шинэ эх үүсвэр бий болгох, төсөл хөтөлбөрүүдийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийн оролцоог хангах зэрэг үйл ажиллагаагаар 2020 оны төсвийн хүрээнд дэвшүүлэн тавьсан зорилтоо хэрэгжүүлэх боломж бий гэдгийг мөн дурдъя.

Нийслэлийн 2020 оны төсвийг хэлэлцэн батлахдаа бид тэвчиж болох зардлуудаа хянах, нэн тэргүүнд хэрэгцээт буюу нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгасан ажлуудаа хэрэгжүүлэх чиглэлийг баримтлан төсвийн хуваарилалт хийлээ. Нийслэлийн 2020 оны төсвийн 39 хувь нь хот байгуулалт, дэд бүтцийн, 30 хувь нь авто замын, 12 хувь нийгмийн салбарт гэх мэт томоохон хөрөнгө оруулалт хийхээр сая бид баталлаа. Эдгээр салбарт хөрөнгө оруулалт нэмэгдсэн байгаа нь нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй, ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн төсвийг бид баталсан гэж хэлж болохоор байна.

Урсгал зардлын эдийн засгийн үр өгөөжийг хэн ч асуудаггүй, ярьдаггүй. Үүнийг анхаарах цаг үе Та бидний өмнө ирээд байна. Жил бүрийн төсвийг хэлэлцэхдээ урсгал зардал ийм байх ёстой, ингэж төлөвлөж зарцуулна гэж ярьдаг болохоос үр өгөөжийг нь сонирхдоггүй. Тиймээс дараа дараагийн хуралдаанаар эдгээр асуудлыг судалж, шаардлагатай бол Тэргүүлэгчдийн болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж ажиллана. Ирэх жил бидэнд хийх ажил олон байна. Ингэхдээ иргэдийн эрх ашгийг нэн тэргүүнд тавих ёстой гэдгийг нийт албан хаагчиддаа дахин сануулъя. Тиймээс төсвийн хөрөнгөөр хийх ажил бүрт сэтгэл гаргаж, хоёргүй сэтгэлээр зүтгэхийг Та бүхнээс хүсч, нийслэлийн ИТХ-ын нэрийн өмнөө амжилт хүсье” гэлээ.