Залилан хийсэн Нигерийн иргэнд 10 жилийн ял оноолоо

Нигери улсын иргэн Эжикем Чимези Жон, Монгол Улсын иргэн Б.Хулан, Д.Ганболд, Т.Анхбаяр нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн баасан гаригт болж завсарлан өнөөдөр үргэлжиллээ.

Шүүгдэгчид бүлэглэн 2018 оны сүүлийн хагас жилд гадаадын аж ахуйн нэгж, байгууллагуудтай ижил нэртэй зохиомол байгууллага байгуулж, цахим хэрэгсэл ашиглан их хэмжээний валют, эд хөрөнгө залилжээ.

Тодруулбал, "Лонати СПА", "Делүксе мулти сервисес СРЛ" зэрэг ХХК-ийг зохиомлоор байгуулж Бүгд Найрамдах Турк улсын "Алпин чорап" /ALPIN CORAP SANAYI VE ТЮ/ компаниас Итали улсын "Лонати СПА" компани руу шилжүүлэх байсан 234,000 еврог өөрсдийн байгуулсан "Делүксе мулти сервисес СРЛ" ХХК-ийн дансаар хүлээн авч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэж Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг шүүсэн.

Гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласныг, эсхүл түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагааас зайлхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлснийг, эсхүл түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсныг мөнгө угаах гэмт хэрэг гэж үзнэ гэж Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд заасан байдаг.

Үүний дагуу Нийслэлийн прокурорын газраас Холбооны Бүгд Найрамдах Нигер Улсын иргэн Эжикем Чимези Жон /Ejikeme Chimezie John/, Монгол Улсын иргэн Б.Хулан, Д.Ганболд, Т.Анхбаяр нарын дөрвөн хүнд Эрүүгийн хуулийн 18.6.2.2 дахь хэсэгт зааснаар, 17.3-3.2 дахь  хэсэгт зааснаар, 20.3-1 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд байв. 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Нигер улсын ирсэн Эжикем Чимези Жон, Монгол Улсын иргэн Б.Хулан, Д.Ганболд, Т.Анхбаяр нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3-3.1, 18.6-2.2-д тус тус зааснаар Холбооны бүгд найрамдах Нигер улсын иргэн Эжикем Чимези Жонд 10 жил, Монгол Улсын иргэн Б.Хуланд 9 жил, Д.Ганболдод 8 жил, Т.Анхбаярт 6 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, дээрх ялыг нээлттэй хорих байгуулагад эдлүүлэхээр хянан шийдвэрлэсэн байна.

Мөн шүүгдэгч тус бүрээс 355,619,494 төгрөгийг гаргуулж Бүгд Найрамдах Турк улсын "Алпин чорап" /ALPIN CORAP SANAYI VE ТЮ/ компанид олгуулахаар заажээ.