Монголын үлэг гүрвэлийн олдвороос Умард Солонгост толилуулна

БНАСАУ-ын Пёньян хотноо Монголын үлэг гүрвэлийн олдвороор тусгай үзэсгэлэн гаргах болжээ. Үзэсгэлэнд 16 багц олдворыг толилуулах бөгөөд үүний нэг багц нь /Завролоф үлэг гүрвэлийн хэлхээ яс/ нь түүх, соёлын хосгүй үнэт зүйлийн жагсаалтад орсон байна. Мөн “Ноцолдож байгаа хоёр үлэг гүрвэл”, “Эвэрт үлэг гүрвэлийн үүрэндээ байгаа 15 зулзага” олдворын хуулбар болон бусад эх олдворыг дэлгэн үзүүлэх юм.  

Төв Азийн гуравдугаар экспедиц 1922 онд Монголд ирж Баянхонгор аймгийн нутаг Бөөцагаан нуур, Өөшийн нуруу, Луугийн худаг, Арц богд Баянзаг зэрэг газар малтлага хийж хирс маягийн аварга үлэг гүрвэл (Baluchitheriym), тоть хошуут үлэг гүрвэл (Psittacosaur protiguanoddon) зэргийг олжээ.  Мөн шүдгүй махан идэшт үлэг гүрвэлийг ч анх эндээс олсон байна. 

Харин "Ноцолдож буй үлэг гүрвэл" нэртэй олдворыг 1960-1970 онд Польш-Монголын хамтарсан судалгааны баг олсон юм. Энэ нь нас бие гүйцсэн өвсөн тэжээлт Протосератоп, махан идэшт Вилосираптортой зууралдаатай үхсэн байдлаар олджээ. Үүнээс гадна 1995 онд Монгол-Японы хамтарсан экспедиц Протосератоп үлэг гүрвэлийн бөөнөөр үхсэн зулзага бүхий олдворыг нээсэн юм.