Ч.Хүрэлбаатар: Ерөнхийлөгч ОУВС-гийн хөтөлбөрт хориг тавилаа

Ерөнхийлөгч нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдэлд хориг тавихаар бэлдэж байгаа талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр мэдээлсэн юм. Тэрээр "УИХ-аас Улсын нэгдсэн төсөв Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирүүлээгүй байна. 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс нийгмийн даатгалын шимтгэлд нэмэгдэх хоёр хувь дээр Ерөнхийлөгч хориг тавина. 25 хувь болох шимтгэлийг 23 хувь дээр нь зогсоох талаар хориг тавихаар бэлтгэж байна" гэлээ.

Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатар энэ талаар "Энэ нь үнэн хэрэг дээрээ ОУВС-ын хөтөлбөрт Ерөнхийлөгч хориг тавьж байна гэсэн үг. ОУВС-тай хамтарч хэрэгжүүлж байгаа ХӨТӨЛБӨР үр дүнгээ өгч, зогсчихсон байсан эдийн засгаа, өндөр хүүтэй зээл, бондуудад дарлуулж байснаа эргэж нэг санаач. 2017 онд батлагдан, хэрэгжээд хоёр жил долоон сар болсон хуульд хориг тавьж болдоггүйгээ мэдэж байгаа болов уу? Тэгээд хоригоо “ЦЭЦЭД” тайлбарлаж чадах уу?" гэжээ. 

2020 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн нийгмийн даатгалын шимтгэлийг ажилтан, ажилтан олгогч нар тус бүр нэмж төлөх болсон. Ажилтан, ажил олгогч 10 хувийн  нийгмийн даатгалын шимтгэл төлдөг байв. Гэвч өнгөрсөн онд 11 хувь болгосон бол ирэх оноос нийт 12 хувьд тус бүр хүргэнэ.