Түр хороо Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллах нь зүйтэй гэж дүгнэжээ

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий түр хороог УИХ-аас өнгөрсөн хавар байгуулсан. Энэхүү түр хорооны гишүүд өнөөдөр дүгнэлтээ танилцууллаа. Түр хороо шударга шүүхээр шүүлгээгүй, эрүүдэн шүүгдсэн нь тогтоогдсон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг нэн даруй суллах шаардлагатай гэж үзжээ.

Түр хорооны гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Шүүх энэ хэргийг сунжруулж байгаа. Энэ асуудал нууцын зэрэглэлээс гарсан. Гэтэл хүмүүс нууцаас гарга гэсэн бичиг илгээж хугацаа хожиж байгаа. Засгийн газар нууцаас гаргасан. Өөр нууцаас гаргана гэсэн асуудал байхгүй. Үүний цаана энэ хэргийг удаашруулах хуйвалдаан явагдаж байгаа” гэлээ.