Л.Оюун-Эрдэнэ: Мөрийтэй тоглосон ГЕГ-ын дэд дарга Ё.Бат-Эрдэнийг ажлаас чөлөөлнө

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын хуралдаанаас гарсан зарим шийдвэрийн талаар танилцуулав.

Тэрбээр, “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийг шинэчлэн баталж, гадаадад зорчихдоо мөрийтэй тоглохыг хориглох заалт оруулсан. Гэтэл  Гаалийн ерөнхий газрын дэд дарга Ё.Бат-Эрдэнэ, “МИАТ” ХК-ийн Сөүл дэх төлөөлөгчийн газрын ажилтан С.Баатарцогт нар казинод мөрийтэй тоглож, үйлчлүүлсэн нь холбогдох баримтаар тогтоогдсон тул үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр болсон. Мөн ХХААХҮЯ-ны  ТНБД Д.Энхбатыг ажлаас нь чөлөөлөхөөр болсон. Үүнтэй холбогдуулан төрийн албан хаагч ёс зүйн дүрмээ зөрчвөл шууд ажлаасаа чөлөөлөгдөх хуулийн заалтыг шинэчлэн оруулахаар боллоо. Мөн ном болгон хэвлүүлж тараахаар боллоо. Үүнд төрийн албан хаагч цалингаасаа өндөр үнэтэй бэлэг авахгүй байх,  ажлын байранд бэлгийн дарамт үзүүлэхгүй байх тухай заалтыг нарийвчилж оруулахаар боллоо. Мөн бизнес ангиллаар зорчихгүй байх, ажлын машиныг хувийн зорилгоор ашиглахгүй байх зэрэг заалтыг нэмэлтээр тусгахаар болсон юм” гэлээ.