“The medicine Buddha” баримтат кино нээлтээ хийлээ

Монгол Улсын гавьяат эмч, хамба лам Д.Нацагдоржийн амьдралын тухай өгүүлсэн “The Medicine Buddha” баримтат киноны нээлт өчигдөр Гэгээнтэн кино театрт боллоо. Уг киноны зураг авалтыг сар гаруй хугацаанд үргэлжилсэн ба зураг авалт АНУ-ын Лондон хот, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот, Завхан аймгийн Цагаанчулуут суманд хийсэн байна.

“Гэгээнтэн” цогцолборт болсон нээлтэд шашин төрийн зүтгэлтнүүд, урлаг соёлынхон, уламжлалт анагаах ухааны салбарт ажиллаж, сурч байгаа хүмүүс гээд маш олон хүмүүс ирсэн байлаа. Сонирхуулахад, киноны найруулагчаар Британийн найруулагч Бенжамин Жонс ажиллажээ. Тэрбээр 2003 онд Британийн кино, телевизийн урлагийн академийн “Шилдэг богино хэмжээний кино” шагналыг “Candy Bar Kid” киногоороо, 2008 онд “HD FEST” наадмын “Шилдэг инээдмийн богино хэмжээний кино” шагналыг “Traffic Warden” киногоороо тус тус хүртсэн байна.

Ийнхүү Английн “EYE-CUE FILMS”-ийн “Дэлхийн соён гэгээрүүлэгчид” цуврал баримтат киноны хүрээнд бүтээсэн “The Medicine Buddha” киног бүтээжээ. Харин зөвлөх продюсероор Константин Палвидис, зураглаачаар Жерри Васбентер нар ажилласан бол киноны тайлбарыг Холливудын алдарт жүжигчин Бэн Кингсли уншсан юм. Жерри Васбентер нь өмнө нь “Бөгжний эзэн” болон “Гравити” зэрэг холливудын кинонуудын зураг авалтыг хийж гүйцэтгэж байсан дэлхийн нэрт зураглаачдын нэг юм.

Эдгээр дэлхийн томчуудын бүтээсэн “The Medicine Buddha” кино нь 2018 онд Монголын үндэсний кино урлагийн академийн “Академи авардс-2018″ наадмын “Шилдэг баримтат кино”-гоор шалгарсан бөгөөд өнөөдөр монголчуудад албан ёсоор нээлтээ хийж байгаа нь энэ юм байна.