Д.Цогтбаатар: ҮХЦ-ийн дарга дипломат эрхтэй

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатараас цаг үеийн асуудлыг тодрууллаа.

-Цэцийн дарга Д.Одбаяр дипломат эрхтэй хүн мөн үү. Солонгос улс дахь Элчин сайдын яам буруу мэдээлэл өгөөд суллуулсан юм уу?

-Тийм юм гэж юу байх вэ. Олон улсын хуулийн дагуу аливаа улсын өндөр албан тушаалтан дипломат эрх ямбатай байдаг. Энэ нь Дипломат харилцааны тухай Венийн конвенцээр зохицуулагддаггүй.  Олон улсын хууль болон бусад гэрээ, хэлэлцээрүүдээр зохицуулагдаг. Үндсэн хуулийн Цэцийн дарга гэдэг бол Монгол Улсын өндөр албан тушаалтан. Тиймээс төр нь өөрөө дипломат эрх ямбаар хамгаалагдсан байдаг. Тэр утгаар төрөө төлөөлөөд явж байгаа гэсэн үг. Үүнд хүнийг нь хамгаалаад байгаа юм биш, Монголын төрийг хамгаалдаг гэсэн үг. НҮБ-ын конвенц гэж бий. Энэ конвенцийн дагуу Үндсэн хуулийн Цэцийн дарга автоматаар дипломат эрхтэй. Олон улсын л хуулиа дагана шүү дээ.

-Солонгосын талаас дахин ирж байцаалт өгөхийг шаардаж байгаа гэж байна. Танд энэ талаар ямар мэдээлэл байна вэ? 

-Энэ мэдээллийг холбогдох байгууллагаас авах нь зүйтэй. Монголын төр дипломат эрх ямбатай. Энэ нь хаана ч хэзээ ч хамгаалагдаж байх ёстой. Тэр нь хэн нэгэн хүнийг хамгаалж байгаа биш. Монголын төрийг олон улсын хуулиар хамгаалж байгаа асуудал.