“УИХ-ын гишүүд мөрийтэй тоглож байгаад баригдсан гэдэг нь ташаа мэдээлэл

УИХ-ын хоёр гишүүнийг Хан-Уул дүүрэгт мөрийтэй тоглосон талаар зарим хэвлэл мэдээлжээ. Тэдний нэрийг М, Х нар гэж бичсэн бөгөөд цагдаагийн байгууллага шалгаж байгаа гэж бичжээ. 

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дэх “Моннис” компанийн байранд нэр бүхий бизнесмэн, УИХ-ын гишүүнтэй нийлж мөрийтэй тоглож байгаад АТГ-ынханд баригджээ гэх мэдээлэл хэвлэлээр гарсан. Уг мэдээллийн талаар АТГ-ын Хэвлэл, олон нийттэй харилцах албанаас тодруулахад “УИХ-ын гишүүд мөрийтэй тоглож байгаад баригдсан гэдэг нь ташаа мэдээлэл. Огт тийм ажиллагаа болоогүй” гэв.

Эрүүгийн хуулийн 243 дугаар зүйлд мөрийтэй тоглосон хүнд оногдуулах хариуцлагыг тусгасан байдаг. Тодруулбал, “243.1.Хуулиар хориглосон мөрийтэй тоглоом /казино/ тоглосон, түүнийг зохион байгуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ. 243.2.Энэ хэргийг давтан үйлдсэн бол эд хөрөнгийг хурааж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.

Хуулийн дагуу мөрийтэй тоглосон хүнд өдгөө мөрдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 320 мянган төгрөгийг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль буюу 1 сая 600 мянган төгрөгөөр торгох эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.

Мөн Зөрчлийн тухай хуульд Зөвхөн мөрийтэй тоглоом зохион байгуулсан тохиолдолд хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ. Хуулийн 5.7-ийн 1-т олон нийтийн газар ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газар байгуулсан, эсхүл ажиллуулсан бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж бичжээ.