С.Баярцогт: Намайг Монголд, Швейцарьт ч шалгаж байгаа

Сангийн сайд асан С.Баярцогт “Оюутолгой”-н гэрээтэй холбоотой асуудлаар өнөөдөр мэдээлэл хийв. Тэрбээр, “30 хоногийн өмнө Оюутолгойн гэрээг үзэглэсний 10 жилийн ой болсон. Гэвч энэ ойг Засгийн газар, “Оюу Толгой” компани ч дурдсангүй. Энэ гэрээ бол Монгол Улс тусгаар тогтносноосоо хойш хийсэн одоогоор хамгийн том гэрээ. Гэрээ байгуулсаны 10 жилийн ойг тохиолдуулан  энэ гэрээг байгуулахад хүчин зүтгэж, ажилласан нийт хүмүүст, болон С.Баяр, С.Батболд нарын Засгийн газарт баяр хүргэх нь зүйтэй” гэв.

Тэрбээр, “Оюутолгой”-н гэрээ, холбогдох бичиг баримтуудаар товхимол гаргасан байна. Энэхүү товхимолоо таван шалтгааны улмаас гаргасан тухайгаа танилцуулав. Энэ тухайгаа хэлэхдээ,  "Нэгдүгээрт, надад 2018 оны тавдугаар сард АТГ-аас Оюутолгойн гэрээг хийхтэй холбогдуулан Эрүүгийн хэрэг үүсгэсэн. Ингэхдээ Оюутолгойн гэрээний Монголд ашигтай нэг заалт болон гэрээг хүчин төгөлдөр болгоход Монголд үр өгөөжийг нь 434 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн арга хэмжээг буруутгаж, үүнд үндэслэж хэрэг үүсгэсэн юм. Ингээд харахаар зарим хууль хүчнийхэн энэ гэрээний зарим зүйл заалтыг ойлгохгүй байна гэж бодсон.  Хоёрдугаарт, АТГ энэ хэрэгтэй холбогдуулаад дөрвөн бүлэг  шинжээч томилсон. Нэг нь банкны салбарын, нөгөө нь МУИС-ийн судлаач, хуулийн багш нар, нөгөөх нь аудитын компани болон ТЕГ-ын байцаагч нараас бүрэлдсэн баг. Үүний гурав нь 2009 оны Оюутолгойн гэрээний талаар сөрөг дүгнэлт гаргаагүй. Харин ганцхан ТЕГ-ын таван байцаагчаас бүрдсэн шинжээчид “Гэрээг олон хууль зөрчиж, хохирол учруулсан байна” гэдэг дүгнэлт гаргасан. Ингэхээр гэрээг хэрэгжүүлэх үүрэгтэй албан тушаалтнууд гэрээг ойлгохгүй байна. Гуравдугаарт, Т.Аюурсайхан гишүүн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж байхад тэр шинжээчдийн дүгнэлтийг харуулаад “Ноцтой дүгнэлт гарсан байна” гэсэн. Тэрэндээ өөрөө итгэсэн байсан. Үүнээс -ын гишүүн, шийдвэр гаргагчид гэрээг ойлгохгүй байгаа нь харагдсан. Дөрөвдүгээрт, үнэхээр энэ ТЕГ-аас гарсан таван байцаагчийн гаргасан дүгнэлт нь 41 зүлйиг хөндсөн байгаа юм. Хөрөнгө оруулалтын гэрээний 33 заалт, Хулвь нийлүүлэгчийн гэрээний найман асуудлыг тусгасан байсан. Энэ 41 зүйлийг нягтлаад үзэхээр 97 хувь нь алдаатай. Үлдсэн нь хэрэгжилттэй холбоотой. Үүнийг хараад хүмүүс дүнэлт гаргахдаа “УИХ-ын болон Засгийн газрын бүрэн эрхэд халдсан дүгнэлт гаргасан. Дээрээс нь хуулийн зүйл заалтан дээр үг, үсэг нэмж байгаад дүгнэлт гаргасан. Мөн зохицуулж байгаа өөр хуулийн харилцааг огт хамрааралгүй хуулийн заалтаар дүгнэлт гаргасан. Монгол, англи орчуулга дээр нь алдаа гаргасан. Хөрөнгө оруулалтын гэрээний бүтэн зүйл заалтыг тасалж аваад дүгнэлт гаргасан гэх гэх мэт зүйл байгаа. Энэ алдаатай дүгнэлтийг үндэслээд шүүх шийдвэр гаргавал бид “Оюу Толгой” компаниас татвараа дутуу авах эрсдэлтэй”-г хэллээ.

Түүнчлэн зарим нэг улс төрийн намын удирдлага улс төрчид Оюутолгойн гэрээ 10 жилийн турш нууц байсан гэдэг сурталчилгаа хийсэн. Тиймээс соён гэгээрүүлэх ажлыг хийх, шийдвэр гаргагчдыг зөв мэдээллээр хангах шаардлагатай тул гэрээ, гэрээтэй холбоотой материалиудыг нэгтгэсэн тухайгаа хэлэв. Ингэхгүй бол Оюутолгойгоос хүртэх монголчуудын ашиг буурна. Шийдвэр гаргагчид, гэрээг хэрэгжүүлэгчид өөрсдөө энэ гэрээгээ уншихгүй байж, хэрэгжүүлэлтэд гарч байгаа бэрхшээлийг гэрээ рүүгээ чихдэг нь буруу гэдгийг дурдсан юм.