БНХАУ-ын 800 орчим иргэнийг албадан гаргалаа

Өнгөрөгч аравдугаар сарын 29-30-нд шилжих шөнө Тагнуулын ерөнхий газар болон Эрүүгийн цагдаагийн албаныхан нийслэлийн гурван дүүрэгт гүйцэтгэх ажил явуулж, нэр бүхий зочид буудлуудаас цахим луйврын хэрэг үйлдсэн байж болзошгүй 800 гаруй хятад иргэнийг саатуулан, баривчилсан билээ.

Хэрэгт холбогдсон олон тооны хятад иргэд өнгөрөгч наймдугаар сараас эхлэн Монгол Улсад жуулчны болон аяллын визээр нэвтэрсэн нь тогтоогдоод байгаа ба визний зориулалтыг зөрчиж, хууль бусаар оршин сууж байсан юм. Гэсэн хэдий ч эдгээр иргэдийг цагдан хорих, хуулийн хариуцлага хүлээлгэх ямар нэгэн үндэслэлгүй учир Монгол Улсаас албадан гаргах ажиллагааг яг одоо зохион байгуулж байна.

Өнөөдөр БНХАУ-ын 800 орчим иргэнийг ийнхүү албадан гаргаж байгаа. Харин уг хэргийг зохион байгуулсан гэх 14 хятад иргэн, хоёр монгол иргэнийг эрүүгийн хэрэгт татан шалгаж байна гэх мэдээллийг Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдээллээ.

15.00 цагт эхэлсэн уг ажиллагаа 18.30 минутад дуусан. Тэдгээр хятад иргэдийг тусгайлан гаргасан 20 орчим галт тэрэгт суулган өндөржүүүлсэн хяналтын дор Хятад улсын хуулийн байгууллагад хүлээлгэн өгөх аж. Хятад иргэдийн тээвэрэллтийн зардлыг Монгол Улсад суугаа БНХАУ-ын ЭСЯ гаргаж байгаа талаар албаны эх сурвалж хэллээ. Галт тэрэг замын өртөөдөд зогсохгүйгээр шууд БНХАУ-ын Эрээн хотод хүрнэ.