ҮХЦ: Өөр монгол иргэний үйлдлийг хамаатуулахаар оролдож байна

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр болон түүнийг дагалдан явсан А нар аравдугаар сарын 31-ны Улаанбаатараас Сөүлийн чиглэлийн онгоцоор зорчиж явахдаа онгоцны үйлчлэгч бүсгүйн биед гар хүрч “бэлгийн халдлага” үйлдсэн хэргээр цагдаад баригдсан байна. Гэхдээ Венийн хэлэлцээрийн дагуу түр сулласан ч цагдаагаас удахгүй дахин хэрэгт татаж байцаах юм байна.

Тэрбээр 20 орчим насны үйлчлэгч бүсгүйн биед нь гар хүрч, дагалдан явсан А /42 настай/нь бас нэгэн үйлчлэгч бүсгүйн мөрөн дээр гараа тавих зэргээр “бэлгийн халдлага” хийсэн байна. Дуудлагыг авсан цагдаа нар онгоц буухыг хүлээж байгаад баривчилжээ. Солонгос дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас холбогдох хүмүүс очиж, Үндсэн хуулийн Цэцийн даргыг суллуулж авчээ.

Тэрбээр өчигдөр 17.00 цагт Улаанбаатар- Сөүл чиглэлийн нислэгээр Индонез улсад болох олон улсын Цэцийн гишүүдийн хуралд оролцохоор Солонгосоор дамжин зорчиж явахдаа энэ хэрэгт холбогдсон гэдгийг эх сурвалж мэдээллээ.

Сануулахад, Венийн хэлэлцээр нь 1961 оны дөрөвдүгээр сарын 18-нд Австрийн Венад хийгдсэн хэлэлцээр ба гадаад харилцааны ажилтан нь эрүү болон иргэний, захиргааны шүүхийн мэдүүлэг, гэрчлэлээс чөлөөлөгдөх зохицуулалттай юм байна.

Тэгвэл хэвлэл, мэдээллийн зарим хэрэгслээр  “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяртай холбоотой мэдээлэл гарч буй. Уг мэдээлэлтэй холбогдуулан Үндсэн хуулийн цэцийн хэвлэл мэдээллийн төлөөлөгч мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд, 

"Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Индонези Улсад болох Үндсэн хуулийн шүүх,түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн хуралд оролцохоор  БНСУ-аар дамжин зорчиж явсан юм.

Уг нислэгийн үеэр Үндсэн хуулийн цэцийн даргын арын эгнээнд сууж явсан  нэгэн Монгол иргэний гаргасан  байж болзошгүй үйлдлийг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргад хамаатуулах гэж оролдсон байна. Иймд Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр уг асуудлаар холбогдох байгууллагад хандсан болно.

Үндсэн хуулийн цэцийн даргатай холбоотой дээрх мэдээлэл нь үнэн бодит байдал огт нийцэхгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна" гэжээ.