Маргааш Хятад даяар 5G сүлжээ ажиллаж эхэлнэ

Хятадын харилцаа холбооны төрийн өмчит гурван компани маргааш буюу Баасан гарагт орон даяар 5G сүлжээгээ зэрэг ажиллуулж эхлэх болсныг өнөөдөр зарлажээ.

China Mobile, China Unicom, China Telecom компаниуд маргаашнаас эхлэн хамгийн багадаа сарын 128 юаний ($18) төлбөртэй үйлчилгээний багцуудыг зарж эхлэх юм байна.

Хятад улс тавдугаар үеийн үүрэн холбооны сүлжээгээ ирэх оны эхээр зах зээлд нэвтрүүлэх төлөвлөгөөтэй байсан ч АНУ-тай хийж буй худалдааны дайны хориг нөлөөлөхөөс сэргийлж, хугацааг урагшлуулсан гэнэ.

Энэ оны сүүлээр Хятадын 50 том хотод 5G сүлжээний 50,000 гаруй бааз станц суурилуулж дуусгахаар төлөвлөсөн байна. Тэдгээрээс Бээжин, Шанхай, Гуанжоу, Ханьжоу хотууд өнөөдрийн байдлаар шинэ үеийн сүлжээнд бүрэн хамрагджээ.

Ингэснээр Хятад улс дэлхийд хамгийн том 5G сүлжээг нээсэн орон болох юм.