С.Даваасүрэн өргөдлөө өгөөгүй гэв

Монгол  Улс “саарал жагсаалт”-д орсонтой холбоотойгоор Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нарыг албан тушаалаасаа огцрох шаардлагыг УИХ дарга Г.Занданшатар тавьсан. Үүнтэй холбоотойгоор С.Даваасүрэн байр сууриа илэрхийлэв. Тэрбээр, “Намайг өргөдлөө өгсөн гэдэг мэдээлэл  гарсан байсан. Би өргөдлөө өгөөгүй. “Саарал жагсаалт” бол зөвхөн СЗХ биш Монгол Улсын бүх түвшинд хийх ёстой ажил. Манайх “саарал жагсаалт”-тай холбоотойгоор бүх чадах ажлаа хийсэн. Манай хороотой холбоотой асуудал яригдаад байгаа нь алт үнэт эдлэл металлын бизнес эрхлэгчдийг зохицуулах, нөгөөх нь үнэт цаастай холбоотой зохицуулалтыг хий гэсэн. Энэ бол шинэ зүйл. Олон улсад бол энэ төрлийн ажлыг СЗХ хийдэггүй. Монголд хариуцах газар байхгүй тул манайх хийх нь зөв гэж үзсэн” гэлээ.

Түүнчлэн тэрбээр, банкнаас бусад санхүүгийн салбар сүүлийн хоёр жилд өсөлттэй байгааг нэмж хэлэв.