1308 хөөмийч нэгэн зэрэг хөөмийлж, Гиннесийн дээд амжилтад бүртгүүлэв

Язгуур урлагийн үнэт өв болсон хөөмийн урлагийг Ховд аймгийнхан өчигдөр дэлхийн дээд амжилт болох Гиннест бүргүүлжээ. Өөрөөр хэлбэл, хамгийн олон буюу 1308 хөөмийч нэгэн зэрэг хөөмийлснийг Английн Лондон хот дахь Геннисийн амжилтын хорооны шүүгчид шүүн баталгаажуулж, ийнхүү батламжийг гардуулсан байна. 

Ховд аймгийн Чандмань сум нь найман настай балчраас 80 настай буурай хүртэл хөөмийлдөг, энэхүү язгуур соёлын өлгий болсон нутаг тул тус аймагт зохион байгуулжээ. 

Энэхүү үйл ажиллагаанд тус аймгийн ерөнхий боловсролын 25 сургууль, 15 цэцэрлэг, Ховд их сургууль, “Хөгжил” политехник коллеж, Зэвсэгт хүчний 123-р ангийн авьяаслаг залуус, хүүхэд багачууд болон ардын авьяастнууд, мэргэжлийн уран бүтээлчид оролцсон бөгөөд хамгийн залуу хөөмийч нь таван настай байсан бол хамгийн ахмад нь 83 настай, улсын тэргүүний уран сайханч байсан талаар Ховд аймгийн ЗДТГ мэдээлжээ. 

Түүнчлэн “Хамгийн олон хөөмийч нэгэн зэрэг хөөмийлөх” уг түүхэн арга хэмжээнд оролцохоор Улаанбаатар хот, бусад аймгаас гадна Бүгд Найрамдах Тува Улс, ӨМӨЗО-ны хөөмийчид хүрэлцэн ирсэн байна.