Д.Гэрэл: БНХАУ-ын иргэдтэй холбоотой хэргийг наймдугаар сараас эхэлж хянасан. Бүх зүйл тодорхой байгаа

Цахим гэмт хэрэгтэй холбоотой асуудлаар БНХАУ-ын 740 иргэнийг дөрвөн зочид буудалд байхад нь ТЕГ, ЦЕГ-аас илрүүлсэн тухай мэдээллийг бид өмнө нь хүргэсэн. Энэ асуудалтай холбоотойгоор Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл мэдээлэл өглөө.

Тэрбээр, “Энэ хэрэгтэй холбоотой асуудлыг ЦЕГ, ТЕГ хамтран  наймдугаар сараас хойш мэдээлэл авч хянаж байсан. Өөрөөр хэлбэл, асуудал хэрхэн үргэлжлэхийг хянаж байсан. Ингэхэд ес, аравдугаар сард эхний ээлжинд 80 хүн орж ирсэн. Дараа нь бага багаар нэмэгдэж, өчигдрийн байдлаар 800-д хүрсэн. Үүнийг зохион байгуулж байгаа хүн нь тодорхой байгаа. Одоо байцаалт авч байгаа. Монгол талаас нэг хүн зохион байгуулалтад нь оролцсон. Үүнийг цаанаас нь зохион байгуулаад таван зочид буудлыг бэлдсэн хүмүүс ч байгаа. Шалгалтын ажил үргэлжилж байгаа учраас нарийн зүйлсийг хэлж чадахгүй. Урьдчилж хэлэхэд, 1000 компьютер, 10000 сим карт байсан. Энэ бүхэн нь бүрэн хяналтад байгаа. Айдас төрөх зүйлгүй. Батлагдсан зүйл нь бол мөнгө угаахтай холбоотой  хэмжээнд хүрч байна. Мөнгө угаах асуудал нь тоглоом болон бусад хэлбэрээр байж болдог. Үүнийг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа” гэв.

Тэдгээр 800 орчим хүнийг тухайн зочид буудалд нь саатуулан хянаж байгаа юм байна. Тэд аялал жуулчлал болон бизнесийн визээр Монгол Улсад зорчжээ. Одоогоор хэрэгтэй холбогдуулан хэн нэгнийг  цагдан хорьж, таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй байгаа бөгөөд энэ хэргийг зохион байгуулсан дөрвөн хүнийг байцааж байгаа аж. Үүний нэг нь Монгол Улсын иргэн юм байна. Эдгээр хүмүүсийн хамгийн том зөрчил нь визний журмаа зөрчин хөдөлмөр эрхэлж байсан явдал гэдгийг тэрбээр нэмж хэлэв. Мөн Монгол Улсад үүрэн холбооны операторын хяналт сул байгааг энэ хэрэг харуулсан. Тийм учраас энэ асуудлыг хуулиар чангатгахаар ажиллаж байгаа гэв. Түүнчлэн хувийн хэвшлийн нэр хүндийн асуудал хөндөгдөх тул үүрэн холбооны операторын нэрийг зарлах боломжгүйг учирлалаа.