М.Билэгт гишүүний эмнэлгийг гурван тэрбумаар түрээсэлж байгаа гэв

Хавдар судлалын үндэсний төвийг өргөтгөж, төсвийг 19.8 тэрбум төгрөгөөр батлах эсэх асуудал УИХ-аар хэлэлцэгдэж байгаа. Харин 19.8 тэрбум төгрөгийн 5.8 тэрбумыг тавилга, эд хогшилд зарцуулах гэж байна хэмээн шүүмжлэх гишүүд байгаа юм. Уг төсвийн асуудалтай холбоотой гоор ХСҮТ-ийн дэд захирал Л.Баярсайханаас энэ талаар тодрууллаа.

-ХСҮТ-ийн төсвийг 19.8 тэрбум төгрөгөөр батлах санал хүргүүлсэн. Үүний 5.8 тэрбумыг тавилга, эд хогшилд зарцуулах гэж байна гэж шүүмжлэх хүмүүс байна. Эмнэлгийн байрыг хэдэн тэрбумаар түрээсэлж байна вэ. Нэгэнт түрээсэлж байгаа юм бол яагаад өөрсдийн хөрөнгөөр тохижуулж байгаа юм бэ?

-Төсөв нэмэх асуудал нь шинэ өргөтгөлийг түрээслэхтэй холбоотойгоор яригдаж байгаа. Бидний яриад байгаа М.Билэгт гишүүний, япон стандартаар барьсан эмнэлгийг Засгийн газар худалдаж авч өгнө, нэг эсвэл түрээсэлнэ зэргээр ярьсаар нэг жил болж байна. Үүнтэй холбоотойгоор салбар яам, мэргэжлийн хяналт зэрэг олон газраас ажлын хэсэг ирж ажилласан. Асуудал дагуулаад байгаа 19.8 тэрбум төгрөгийн гурван тэрбум нь л бүтэн жилийн түрээсийн төлбөр бусад нь бүтэн жилийн урсгал зардал. Энэ эмнэлгийн байр нь ашиглалтад ороогүй, хоосон байр. Мэс заслын таван блок тохижуулна. Нэг блок барилгыг тохижуулахад нэг тэрбум төгрөг шаарддаг. Ингээд тооцвол таван тэрбум төгрөг нь зөвхөн мэс заслын блокт зарцуулагдаж байгаа юм. Үлдсэн нь тухайн 12 давхар барилгын 2020 оны урсгал зардал.

-Өргөтгөлийг түрээсэлснээр ХСҮТ-ийн ачаалал хэдэн хувиар буурах вэ?

-ХСҮТ-ийн ачаалал 100-180 хувиар нэмэгдлээ. Жилд 100 мянган хүнд үйлчилж байна. Эдгээр хүмүүсийн 10 мянга нь хэвтэн эмчлүүлж байгаа. Мөн жилд зөвхөн том хэмжээний 2600-2800 хагалгаа хийж, өдөрт том хэмжээний 10 гаруй мэс засал хийгдэж байна. Мэс заслын дараалал 2-3 долоо хоног байна. Ард иргэд туйлдаж байна. Хамгийн ойрын хүн нь хорт хавдраар оношлогдоод яаралтай хагалгаанд орох шаардлагатай байгаа ч ачааллаас болоод сар хүлээхээс өөрцгүй болж байгаа. Гэтэл тухайн өвчтөнд сарын дараа мэс засал хийх боломжгүй ч болсон байдаг.

-Засгийн газар 2020 оны улсын төсвийг боловсруулж, өргөн барих хугацаанд ХСҮТ-ийн талаар яригдаагүй, нэг ширхэг цаас ч орж ирээгүй гэх тайлбарыг Сангийн сайд өгснө. Харин ХСҮТ-өөс өнгөрсөн зургадугаар сард эмнэлгийн өргөтгөлд шаардлагатай дээрх хөрөнгийг ирэх оны төсөвт суулгаж өгөх хүсэлтийг Эрүүл мэндийн яаманд хүргүүлсэн гэж байсан. Эрүүл мэндийн сайд энэ асуудалд хариуцлага алдсан уу?

-Тэрийг мэдэхгүй. Бид өгөх юмаа цагтаа өгсөн. Тиймээс энэ байрыг томсгох шаардлагатай байгаа юм. ХСҮТ-ийн одоо үйл ажиллагаа явуулж буй барилга 1982 онд ашиглалтад орсон. Барилгыг нь тухайн үеийн хүн амын тоо, өвчлөлд тохируулж барьсан.

Шинэ эмнэлгийн барилгыг түрээсэлснээр 100 ор, мэс заслын таван блок нэмэгдэж ачаалал хоёр дахин багасна.

2016 онд ашиглалтад орсон өргөтгөлийн барилга гэхэд зун үерт автаж бөөн асуудал дагуулсан. Энэ барилгыг төр барихдаа долоон жил хүлээлгэж байж барьсан. Чанар нь ямар байгааг хэн хүнгүй мэдэж байгаа байх. Харин бидний түрээслэх гээд байгаа эмнэлэг нь япон стандартаар баригдсан үнэхээр чанартай.