“Оюутолгой”-той холбоотой асуудлаар ажлын хэсэг хуралдана

 “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн бэлтгэсэн санал, дүгнэлтийг үндэслэн Монгол УИХ-ын шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий” ажлын хэсэг өнөөдөр хуралдана. Энэхүү ажлын хэсэг нь Д.Тэрбишдагваар ахлуулсан ажлын хэсгээс гаргасан дүгнэлтийг үндэслэн УИХ-ын шийдвэрийн төсөл боловсруулах юм. Энэ дагуу гурван чиглэл бүхий УИХ-ын тогтоолын төсөл бэлэн болсон гэдгийг тус ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр хэллээ.

Түүнчлэн УИХ-ын Б.Баттөмөр нарын зургаан гишүүн тус тус өргөн мэдүүлсэн Шинжлэх ухаан технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэн, нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан болох юм.