Улаанбаатар хотын ой санамж болсон соёлын биет өвийг буулгачихжээ

Улаанбаатар хотын 380 жилийн ойг тэмдэглэж байх энэ үед Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөөний хойд талд, Рерихийн музейн зүүн талд байрлалтай “АНХНЫ ЕВРОП ХИЙЦИЙН ХОЁР ДАВХАР БАРИЛГА” хэмээх түүхэн дурсгалт барилгыг 2019 оны 10 дугаар сарын 15-ны орчим буулгажээ. Энэ барилгыг “түүхэн дурсгалт” гэж үзээд НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2007 оны 197 дугаар тогтоолоор “Дүүргийн” хамгаалалтад, Засгийн газрын 2008 оны 175 дугаар тогтоолоор “Нийслэлийн” хамгаалалтад тус тус авсан юм.

Хамгийн сүүлд энэ барилгад “Нийслэл” зочид буудал үйл ажиллагаа явуулж байв.

Энэ 10 дугаар сард Засгийн газрын тогтоолоор хамгаалалтад авсан хоёр түүхэн дурсгалт барилга буулгагдаж, бид соёлын өвдөө хэрхэн ханддагаа, бас соёлын өвийг хэрхэн хамгаалдагаа харуулчихлаа. Соёлын өвийг хамгаалах чиглэлээр яам, нийслэл, дүүрэг гээд бүхэл бүтэн тогтолцоо Монгол Улсад бий. Гэтэл Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн дээгүүр хэн нэгэн алхаад гарчихаад байхад хариуцсан Төрийн байгууллагууд таг дуугүй, юу ч хийхгүй сууж байгааг хараад харамсаж байна. Бид цаашид Улаанбаатар хотын соёлын биет өвийг хамгаалж чадах уу, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийг хэрэгжүүлэх чадамж байгаа юу гэдгийг өөрсдөөсөө асуух хэрэгтэй боллоо.

Анхны европ хийцийн хоёр давхар барилгын товч түүхийг доор бичлээ:
1861 онд Их Хүрээ (одоогийн Улаанбаатар)-нд Оросын анхны консулын газрыг байгуулж, 1863-1865 онд Оросын консул сайдад зориулан энэхүү барилгыг барьсан нь Улаанбаатар хотын анхны европ хийцийн хоёр давхар барилга болсон юм. Түүнээс хойш ХХ зууны эхэн хүртэл одоогийн зүүн дөрвөн замаас Офицеруудын ордон хүртэлх газарт орос хороолол бий болж, “Консулын дэнж” хэмээн нэрлэж байв. 1869-1870 онд энэхүү барилгын нэгдүгээр давхрыг нь зүүн тийш сунгаж дээр нь сүмийн орой бариад 1872 онд Эрхүү хотын Благовешенийн сүмийн лам Николай Соколов, Үнэн алдартан шашны их лам Пароенай нар Эрхүүгээс ирж, уг сүмийг “Ариун Троицкийн сүм” хэмээн аравнайлжээ. Энэ барилгад Төв Азийг судлагч Оросын нэрт эрдэмтэн, жуулчид Н.М.Прежвальский, А.Я.Бичурин, Г.Н.Потанин, А.М.Позднеев зэрэг хүмүүс Хүрээгээр дайрч явахдаа энд хонон өнжиж явсан тухай замын тэмдэглэлүүддээ бичсэн байдаг. 1995-1996 онд барилгын гадна дүр төрхийг нь өөрчлөлгүйгээр шинээр сэргээн барьсан байна.

1. Оросын консул сайдын хоёр давхар барилга, 1912 он, гэрэл зургийг В.Л.Котвич

2. Анхны европ хийцийн хоёр давхар барилга, 2018 он


3. 2019.10.23 - Орох хэсэг



4. НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2007 оны 197 дугаар тогтоолын холбогдох хэсэг


8. Засгийн газрын 2008 оны 175 дугаар тогтоолын холбогдох хэсэг