Ноос ноолуурын 60 хувийг дотооддоо боловсруулна

“Монголын хаан ширхэгт” ноолуурын олон улсын форум “Шангри-Ла” зочид буудалд өнөөдөр эхэллээ. Форумд ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниуд оролцож, цаашид борлуулах хүрээгээ тэлэх, үйл ажиллагаагаа илүү боловсронгуй болгох болон ноолуурын салбарт тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцлээ.

Засгийн газраас хөдөө аж ахуйн түүхий эдийг үйлдвэрлэлийн боловсруулалтад оруулж, эцсийн бүтээгдэхүүн болгох бодлого барьж байгаа бөгөөд Монгол Улс ноолууран бүтээгдэхүүнийг гадаадын зах зээл тэр дундаа АНУ-руу экспортолж эхэлсэн. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх чанарын тэмдэг нь “Монголын Хаан Ширхэгт” тохирлын тэмдэг юм. Тус тэмдэгт нь ноос, ноолууран бүтээгдэхүүнийг чанартай бүтээгдэхүүн гэдгийг баталгаажуулах үүрэгтэй. Тухайн ноос, ноолуураар үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн нь тогтоосон стандарт шаардлагыг бүрэн хангасан, Монголын гарал үүсэлтэй 100% ноолуураар үйлдвэрлэгдсэн, дэлхийн стандартад нийцсэн, байгальд ээлтэй үйлдвэрлэлээр үйлдвэрлэгдсэн, өндөр чанартай бүтээгдэхүүн гэдгийг гэрчилдэг. Энэ чанарын тэмдэгтийн шаардлагыг “Говь”, “Эвсэг”, “Хан богд” компаниуд хангажээ. Ноолуурын зах зээлд Монгол Улс дэлхийн хоёр дахь том нийлүүлэгч боловч хангалттай хэмжээнд нэмэн өртөг шингээхгүй экспортолж байгаа нь энэ салбарын тулгамдсан асуудал юм.

“Малчны хотоос эцсийн бүтээгдэхүүн хүртэлх нэмэн өртгийн чанарын хяналт хийх, үйлдвэрлэлийн түвшинд бүтээгдэхүүн технологийн шат дамжлага бүр дээр нь чанарыг сайжруулах тал дээр ажилласан. Монгол ноолуур, сарлагийн хөөвөр, тэмээний ноосны ширхэгтийн онцлог давуу талыг нь дэлхийд таниулан сурталчлах, үнэ цэнийг нь нэмэгдүүлэхэд Монголын хаан ширхэгтийн тэмдэгт чухал үүрэг гүйцэтгэнэ” гэж “Ноос, ноолуурын холбоо” ТББ-ын гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг хэллээ. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 100 гаруй аж ахуйн нэгж тус холбоонд бүртгэлтэй байдаг аж.

Хэрэв манай улс бүх ноолуураараа эцсийн бүтээгдэхүүн хийгээд экспортлох юм бол жилд 4.7 их наяд төгрөг олох боломжтой. Гэтэл өнөөдрийн байдлаар 1.2 их наядын борлуулалттай байна. ХХААХҮ-ийн яамны сайд Ч.Улаан “Монголын хаан ширхэгт ноолуур нь дэлхийд брэнд болох ёстой. Байгалийн өгөгдөл, өөрийн онцлог чанараараа дэлхийд хосгүй зүйл. Хамгийн гол нь бид техник технологио сайжруулж, өнгө, загвараа өөрчлөх хэрэгтэй. Манай улс жилдээ 10 тонн ноолуур бэлдэж, 40 хувийг нь дотооддоо боловсруулдаг. Тийм учраас 60 хувьд хүргэхийн тулд боловсруулалтын түвшнийг нэмэгдүүлнэ” гэв.