Ачааны машинаас олдсон 39 цогцсыг таниулах ажил Британид эхэлжээ

Өчигдөр Британийн Эссекс мужийн Пурфлит хотод Бельгиэс ирсэн хөргөгчтэй ачаанаас 39 хүний цогцос илэрсэн юм.

Ачааг хүлээн аваад тээвэрлэж явсан машиныг шалгахад дээрх цогцоснууд илэрчээ. Цагдаа нар ачаааны машины жолооч, Умард Ирландын харьяат 25 настай Мо Робинсоныг баривчлан шалгаж эхэлсэн байна. Жолооч ачаанд нь юу байгааг мэдэж байсан эсэхийг тодруулаагүй байгаа гэнэ.

Хохирогчдын 38 нь насанд хүрсэн хүмүүс, нэг нь өсвөр насны хүүхэд байжээ.

Эссексийн цагдаагийн газар цогцоснуудын хэн болохыг тогтоохоор ажиллаж эхэлнээ мэдэгдсэн байна.

Британийн Үндэсний Цагдаагийн Газар энэ хэргийн цаана зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэг байгаа эсэхийг шалгаж эхэлжээ.

Ачааны машин нь Болгар улсад бүртэлтэй компанийн өмч болохыг тогтоосон байна.

Хохирогчид өөрийнх нь улсын иргэд байх магадлал бага байгааг Болгарын гадаад хэргийн яам мэдээлжээ. Британийн ерөнхий сайд Борис Жонсон “санаанд багтамгүй эмгэнэлт явдал тохиолдсон”-д эмгэнэн гашуудаж байгаагаа илэрхийлжээ. Тэрээр мөрдөн шалгах ажлын талаар тогтмол мэдээлэл авч байгаагаа мэдэгдсэн байна.

Гадаадын дүрвэгчид Европын эх газраас Британид хууль бусаар нэвтрэхийн тулд ачааны чингэлэгт нуугдаж ирэх тохиолдол элбэг байдаг. Тэд ийм боломж олж авахын тулд зохион байгуулагчдад нэг хүний 10,000 фунт стерлинг хамгийн багадаа төлдөг гэсэн мэдээлэл бий.

Эссекст гарсан энэхүү хэрэг нь Их Британид сүүлийн 20 орчим жилийн хугацаанд гарсан хамгийн олон хохирогчтой аллагад тооцогдож байна.