Иргэдээс түүхий нүүрс түлж байна гэсэн 13 дуудлага ирсэн

Нийслэлийн Онцгой комиссын хуралдаанаар сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудлаар цаг үеийн мэдээллийг тогтмол хийхийг үүрэг болгосон. Үүний дагуу Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Агаарын бохирдолтой тэмцэх газраас угаарын хордлогын цаг үеийн мэдээллийг долоо хоног бүрийн даваа, пүрэв гаригт иргэдэд хүргэж байгаа. Өнөөдрийн мэдээллийг  Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй хийлээ. Тэрээр "Өнгөрсөн шөнө дөрвөн дуудлага ирж, 9 хүн буюу 7 том хүн, 2 хүүхэд эмнэлэгийн байгууллагад хандсанаас өнөөдрийн байдлаар насанд хүрсэн хоёр хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. 

Аравдугаар сарын 2-24-нд нийтдээ 240 дуудлага ирж 580 хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж ажилласан. Угаартай холбоотой дуудлагын тоо буурч байгаа. 

Хяналт шалгалтаар Өлзийтийн хоёр товчоогоор 12 шуудай түүхий нүүрс оруулахыг завдсан. Мөн Тавантолгойгоос 5 тонн нүүрс оруулж ирэхийг завдсан.
Түүнчлэн иргэдээс түүхий нүүрс түлж байна гэсэн 13 дуудлага ирсэн. Дуудлагын дагуу Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо тоот айл 35 орчим тонн түүхий нүүрсийг хадгалж байсныг илрүүлсэн.

Тухайн айл нүүрсээ 2018 оны хоёрдугаар сард худалдан авсан гэх хариуг хэлсэн. Зуухыг нь шалгахад түүхий нүүрс түлээгүй байсан тул түүхий нүүрсээ сайжруулсан түлшээр солихыг сануулсан.

Мөн тус дүүрэгт амьдардаг айл хоёр шуудай нүүрс түлж байсныг илрүүлсэн 50 мянган төгрөгөөр торгосон. Агаарын бохирдлыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 24 хувиар буурсан. Тавантолгой түлш ХХК-иас 350 мэргэжилтэн иргэдийн дуудлагын дагуу ажиллаж байна" гэв.