Ходоодны дуран эрсдэлгүй

“Ходоодны дуранг дахин ариутган хэрэглэсэн ч халдвар тараадаг.., дэлхий дахинд дурангийн оношилгоо, эмчилгээнээс татгалзаж эхэлсэн байтал Монголд дурангаар оношилж, эмчилж байна” гэж зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичиж байна. Энэ мэдээлэл ходоодны хавдрын нас баралтаар тэргүүлж, мөн төрлийн өвчлөлөөр хоёрт жагсдаг орны иргэдэд тун хүнд тусах нь ойлгомжтой. Хэрэв энэ мэдээлэл үнэн бол хавдраас урьдчилан сэргийлж, хэрэндээ л өөртөө анхаарч оношилгоонд орсон биш элдэв бактер, нян тээгээд буцдаг болж таарч байгаа юм.  Энэ асуудлын талаар Хавдар судлалын үндэсний төвийнхнөөс тодрууллаа.

Бохирдсон дуранг Эрүүл мэндийн сайдын 187.10 тушаалд заасны дагуу бүх ариутгалыг явуулдаг аж. Тодруулбла, уушги, гэдэс, ходоодны бохирдсон дуранг эхлээд усаар угааж цэвэрлээд, дараа нь тус бүрээр нь автомат машинд хийж 15 минут ариутгадаг. Ингэхдээ тусгай ариутгалын шингэн ашигладаг. Автомашинаас ариутгагдаад гарч ирэнгүүт нь тусгай хийгээр үлээлгэж хатаадаг. Дараа нь дуран хадгалах саванд хийдэг юм. Эндээс эмч авч ашигладаг аж.

Өдөрт 50 орчим хүн ходоодоо дурандуулдаг бөгөөд ариутгалаа сайн хийж байгаа эсэхийг халдваргүйтгэлийн алба болон нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас сар бүр шинжилгээ авч, шалгадаг юм байна.

Ходоодны салстад байрлаж буй хеликобактер нь ходоодны шархлаа, зарим тохиолдолд даамжирч ходоодны хорт хавдар үүсгэдэг. Энэ бактер зөвхөн ходоодны дурангаар дажин халдварладаггүй. Аяга, тавгаар, үнсэлтээр, шүлсээр, ахуйн халдвараар дамжин халдварладаг. Ходоодны дурангаар дамжин хеликобактер болон элэгний С, В вирус халдварлах магадлалтай. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд дурангийн ариутгал гэдэг зүйл маш чухал. Ходоодны дуранг халдваргүйжүүлсэн, ариутгасан тохиолдолд бактер, вирус дамжих ямар ч эрсдэлгүй гэнэ. 

Дэлхий нийтээр улаан хоолой, ходоод, бүдүүн, шулуун гэдэс, уушги зэрэг хөндийтэй эрхтнийг оношлоход, тэр дундаа хавдрыг нь эрт илрүүлэхэд заавал дурангийн шинжилгээ ашиглаж байна.  Дурангийн шинжилгээг үгүйсгэж огт болохгүй. Эрт болон хожуу үеийн оношилгоог дурангийн аппаратаар л шийдэж байна. Дуран нь оношилгооноос гадна эмчилгээний чухал аппарат болсон. Гэтэл сошиалд дэлхий нийтээр дурангийн шинжилгээнээс татгалзаж байгаа гэсэн утгатай мэдээлэл гарсан. Ард иргэдэд анхааруулахад, худал мэдээлэлд автах хэрэггүй гэдгийг мэргэжлийн эмч нар зөвлөлөө. Дурангийн тусламжтайгаар хавдартай ходоодыг тайралгүй эмчилж байна, эрт үед нь оношилбол бүрэн эдгээж байна. Ходоод оношлох, эмчлэхэд дэлхий нийтээр нэгэн ижил дуран ашиглаж байна. Манайх ч олон улсын стандартад нийцсэн дуран ашиглан, монголчуудын ходоодыг оношилж, эмчилж байгаа аж.