З.Баянсэлэнгийг нэг сар цагдан хорихоор боллоо

Барилга хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгийг өчигдөр ШШГЕГ-ын харьяа  Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулжээ. 

З.Баянсэлэнгэ, М.Болортуяа нарт холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох байсан ч шүүгдэгч З.Баянсэлэнгэ шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан тул шүүх хуралдааныг дахин хойшлуулсан байна. Улмаар түүнийг шүүхийн байгууллагын үйл ажиллагаанд удаа дараа хүндрэл учруулсан гэж үзэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.

Шүүгдэгч нарт холбогдох шүүх хуралдааныг арваннэгдүгээр сарын 28-ны өдрийг хүртэл хойшлуулсан бөгөөд дараагийн шүүх хуралдаан болох хүртэлх нэг сар зургаан хоногийн хугацаанд З.Баянсэлэнгийг цагдан хорих юм байна. 

З.Баянсэлэнгийг Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, "Бэрэн групп" ХХК-ийн барьсан "Хангай" хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүйгээр худалдан авч, улсын төсөвт 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй хэмээн буруутгаад буй.