Хорт хавдраас урьдчилан сэргийлэх үзлэгт үнэ төлбөргүй хамруулна

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа.

Хуулийн төсөлд иргэдийг элэг, ходоод, улаан хоолой, умайн хүзүү, хөхний, уушиг, бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд хамруулах зохицуулалтыг тусгасан байна. Тодруулбал, 40 болон түүнээс дээш насны, элэгний В, С вирус тээгч, элэгний архаг үрэвсэл, хатууралтай иргэнийг ЭХО, хавдрын маркер, биохимийн шинжилгээнд жилд  1-2 удаа, ходоод, улаан хоолойн хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд жилд нэг удаа хамруулах юм. Мөн 30-60 насны эмэгтэйг умайн хүзүү, хөхний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд 3 жилд нэг удаа, 50 болон түүнээс дээш насны иргэнийг уушигний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд жилд нэг удаа, бүдүүн,  шулуун гэдэсний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд хоёр жилд нэг удаа хамруулах аж. Жил бүрийн товлосон хугацаанд эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд хамруулах зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргах юм. Харин товлосон хугацаанд ирээгүй бол иргэн өөрөө шинжилгээний зардлаа хариуцахаар хуулийн төслүүдэд тусгажээ.