Ашигтай ажилласан байгууллагын орлогын 50 хувийг төсөвт төвлөрүүлнэ

Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газраас өчигдрийн Тэргүүлэгчдийн хуралдаанаар гурван асуудал хэлэлцүүлэхээр оруулжээ. Тэдгээрээс дэгийн дагуу “Ашиг, орлогын хуваарилалт тогтоох” тухай асуудлаар нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан үргэлжилсэн.

2018 оны эцсийн байдлаар нийслэлийн хэмжээнд үйлдвэрийн 30 газар үйл ажиллагаа явуулж байсан. Үүнээс 12 нь нийслэлийн төсвөөс, 18 нь өөрийн үйл ажиллагааны орлогоор санхүүждэг. Өнгөрсөн онд үйл ажиллагаа явуулсан орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот 15 үйлдвэрийн газар 243.7 тэрбум төгрөгийн орлого олж, 274.8 тэрбум төгрөгийн зарлага гаргажээ. Өөрөөр хэлбэл, дээрх газрууд 31.1 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан гэсэн үг. Энэ мэтээр алдагдал өсч, ашиг буурахад хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж буйг тайлбарлав. Тодруулбал,

Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрх болон үл хөдлөх хөрөнгийг дахин үнэлсэнтэй холбоотойгоор элэгдлийн зардал өссөн

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн баталсантай холбоотойгоор цалингийн зардал өссөн

Холбогдох зохицуулах хороодын үнэ тариф нэмэгдсэнтэй холбоотой нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд алдагдал хүлээсэн

Улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2018 онд хэрэгжүүлэх байсан 28.7 тэрбум төгрөгийн төсөвтэй 23 төсөл, арга хэмжээний гэрээ байгуулах зөвлөмж ирээгүйтэй холбоотой гэж нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын орлогч дарга Д.Рэнцэнбямба тайлбарлав.

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид 2018 онд ашигтай ажилласан үйлдвэрийн газруудын 2017 оны цэвэр ашгийг 100 төсөвт төвлөрүүлэх тогтоол баталсан байдаг. Гэвч ингэснээр үйлдвэрийн газрууд үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжгүй болж, санхүүгийн эх үүсвэргүй болох эрсдэл хүлээжээ. Иймээс энэ 2018 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангийн цэвэр ашгийн 50 хувийг нийслэлийн төсөвт төвлөрүүлэх санал боловсруулж, 500.1 сая төгрөг төвлөрүүлэхээр танилцуулж буй нь энэ.

Тэргүүлэгч Б.Бямбадорж, Б.Мөнхбат нар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан “Орлогыг нь 100 татахаар үйлдвэрийн газрууд ашигтай ажиллахыг эрмэлзэхээ больж байгаа. Тиймээс үйл ажиллагаагаа нь сайжруулж, ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх боломж бүрдүүлэх нь зүйтэй” гэсэн байр суурь илэрхийллээ.

Тэргүүлэгч Ё.Цацралтуяа “Ашигтай ажиллахын тулд тухайн байгууллага дарга, ажилтан, албан хаагчид чармайлт гарган ажиллаж байгаа. Гэтэл орлогыг нь 100 хувь авахаар үйл ажиллагаагаа жигдрүүлэх боломж хумигдана” гэсэн байр суурь илэрхийлсэн юм. Тэргүүлэгчид тухайн асуудлыг хэлэлцээд, ашигтай ажилласан байгууллагын орлогын 50 хувийг нийслэлийн төсөвт төвлөрүүлэх тогтоол баталлаа.

“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын авто зогсоол байгуулах төслийн концессын төслийг “барих-ашиглах-шилжүүлэх” байсныг “зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” тухай асуудлыг Тэргүүлэгчдийн  хралдаанаар хэлэлцэж, дэмжив. Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нийслэлийн Засаг даргын I орлогч Ж.Батбаясгалан танилцуулга мэдээлэл хийхдээ “Тухайн авто зогсоолын зураг төслийг 2014 онд баталсан. Зарим бүтээн байгуулалттай холбогдуулан зураг төслийг шинээр боловсруулах шаардлага гарсан” гэв.