Монгол эрдэмтэд угаарын хийн мэдрэгч бүтээжээ

Засгийн газраас угаарын хий мэдрэх төхөөрөмжийг нийслэлийн зургаан дүүргийн гэр хороололд амьдарч буй өрхүүдэд нэг удаа үнэгүй олгох шийдвэр гаргаад байгаа билээ. Ингэхдээ гаднаас хэдэн арван сая төгрөгөөр худалдаж оруулж ирэхээр ажиллаж байгаагаа хотын дарга мэдэгдсэн.

Тэгвэл энэхүү төхөөрөмжийг Монголдоо үйлдвэрлэх бүрэн боломж байгаа юм. ШУА-ийн Физик технологийн хүрээлэнгийн эрдэмтэд MQ-7 мэдрэгчийг ашиглан агаар дахь угаарын хийг хэмжин зөвшөөрөгдсөн хэмжээнээс давсан тохиолдолд дохио өгдөг хэмжилтийн туршилтын загварыг зохион бүтээгээд байна. Энэхүү төхөөрөмж нь LCD дэлгэц дээр угаарын хийн хэмжээг “PPM” нэгжээр харуулах бөгөөд зөвшөөрөгдөх хэмжээнээс их үед дуут дохио өгөх юм. Тус төхөөрөмж нь микроконтроллерын удирдлагатай бөгөөд босго утга болон горимыг шаардлагад нийцүүлэн программчлан тухай бүрд өөрчлөн, сайжруулах боломжтой. Монгол эрдэмтэд өөрсдөө программчлах тул утгыг өөрчлөх, засварлах зэрэг олон давуу талтай байх юм.  

Түлш дутуу шаталтын үед угаарын хий CO үүсгэдэг. Энэ хий нь өнгө, үнэргүй учраас хүнд мэдрэгдэхгүй тул хүмүүс “угаартаж” амь насаа алдах хүртэл аюул учирч байна. Тиймээс угаарын хийн хэмжээг хэмжих, аюулыг урдчилан мэдэхийн тулд тусгай мэдрэгч багаж ашиглах шаардлагатай. Хэрвээ төр засгаас дэмжлэг үзүүлбэл энэхүү төхөөрөмжийг заавал гаднаас оруулж ирэх бус Монголдоо үйлдвэрлэх бүрэн боломжтой  гэдгийг эрдэмтэд хэлж байна.