АТГ гомдол, мэдээлэл авах шинэ дугаар нээлээ

АТГ гомдол, мэдээлэл хүлээн авах 110 дугаарын утсыг ажиллуулж эхэллээ. Энэ утсаар авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын талаарх гомдол, мэдээллийг хүлээн авч, холбогдох зөрчил гаргасан албан байгууллага, албан тушаалтныг шалгах юм.

110 дугаарын утсаар албан тушаалтны хувийн ашиг сонирхол, хөрөнгө, орлогын мэдүүлэг болон төрийн үйлчилгээний хүнд суртал, чирэгдэл, төрийн албан хаагчийн ёс зүй, авлигын гэмт хэргийн талаарх мэдээллийг ажлын өдрүүдэд 08.30-17.30 цагийн хооронд үнэ төлбөргүй хүлээн авна гэж АТГ-аас мэдээллээ.

Шинэ утсыг иргэд, олон нийтэд танилцуулж сурталчлах ажлыг тус газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтнууд нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав” дахь салбар болон “Бөмбөгөр” худалдааны зах дотор зохион байгуулав.