Шахмал түлшнээс хүний биед сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй элемент илрээгүй

Нийслэлийн онцгой комиссоос ажлын өдөр бүр 10.00, 16.00 цагт угаарын хийнд хордсон эсэх болон хоногийн мэдээллийг өгч байгаа. Тус комиссоос өгсөн мэдээллээр "Өнөөдрийн 06.00 цагийн байдлаар угаарын хийнд хордсон есөн хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс таван том хүн, дөрвөн хүүхэд байна. Аравдугаар сарын 3-аас хойш нийтдээ 364 хүн угаарын хийн дуудлага ирсэн байна. Өнөө өглөө 08.32 цагт Баянзүрх дүүрэгт иргэн дуудлага өгсөн. 10 минутан дараа яаралтай тусламж очиход 25 настай Г нас барсан. Үүнийг угаараас болж амь нас эрсэдсэн эсэхийг холбогдох албаныхан шалгаж байна. Бид угаараас хордсон гэж хэлэхэд хэцүү байгаа юм. Яагаад гэвэл байшинд нь хамт байсан аав, ээжийнх нь биеийн байдал хэвийн байсан" гэсэн мэдээллийг өглөө.

Амралтын өдөр есөн өрхийн 15 хүн угаарын хийнд хордсон гэсэн дуудлага ирсэн. Яаралтай түргэн тусламж очиж, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхэд хоолны хордлого, даралт гэх мэт өөр шинж тэмдэгүүд бай илэрч байна.  Угаарын хийнээс болж аравдугаар сарын 3-аас хойш нийт зургаан хүн амь насаа алдсан юм.

Энэ үеэр шахмал түлш болон түүний үнс, барьцалдуулагчид хийсэн Шинжлэх ухааны академийн Хими технологийн лабораторийн шинжилгээний хариуг танилцуулав. Ингэхэд “Шахмал түлш болон түүний үнс, барьцалдуулагчаас хүний биед сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй элемент илрээгүй”  гэсэн шинжилгээний хариу ирсэн талаар МХЕГ-аас танилцуулав. Түүнчлэн шахмал түлшний барьцалдуулагчийн 19 хувь нь усанд уусамтгай байсан гэдгийг хэлэв. Тиймээс иргэд хэрэглээн дээрээ анхаарахыг уриалав.

Шахмал түлшний савлалт жин хэмжээтэй холбоотой асуудлаар МХЕГ өнөөдрөөс шалгалт явуулах юм байна. Одоогоор тус газарт шахмал түлшний жин хэмжээндээ хүрэхгүй байна гэсэн гомдол ирээгүй байгааг хэлсэн юм.  

Мөн нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас агаарын чанарын мэдээллийг хүргэв. Нийслэлд Зурагт, Толгойт, Нисэх, Амгалан гэсэн таван газар суурин харуул байрладаг. Эдгээр харуулд заасан дундаж мэдээллээс нийслэлийн  агаарын чанарын үзүүлэлт өнгөрсөн жилийн мөн үеэс бага байгаа гэнэ. Цаг агаарын тухайд дулаан байгааг ч танилцууллаа. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн онд аравдугаар сарын 7-13-нд агаарын дундаж температур нэмэх хоёр градус дулаан байжээ. Тэгвэл энэ оны дээрох хугацаанд агаарын дундаж температур 0  градус байгаа аж.