Японд

Номхон далайд үүссэн “Хагибис” хэмээх далайн хар шуурга өнгөрсөн бямба гаригт Японы хамгийн том арал Хоншуг дайрч өнгөрлөө. Тавдугаар ангилалд багтах уг шуурга сүүлийн 60 жилд болж байгаагүй хүчтэй шуурга болсныг дэлхийн хэвлэлүүдэд онцолж байна. Хар салхины улмаас тус улсад 11 хүн нас барж, 100 гаруй хүн гэмтэж бэртэн, 15 хүн сураггүй алга болсонд тооцогдож байгаа талаар албаны хүмүүс мэдээлж байгаа юм.

Шуурганы аюулыг хохирол багатай давж гарах, урьдчилан сэргийлэх ажил пүрэв гаригаас эхэлсэн. Улмаар богино хугацааны дотор сая гаруй хүнийг эргийн бүсээс нүүргэн шилжүүлсэн байна. Мөн нисэхийн компаниуд орон нутаг дахь бүх нислэгээ цуцалж, бямба гаригт болох ёстой байсан “Формула 1”-ийн гран при тэмцээний урьдчилсан уралдаан, регбигийн Дэлхийн цомын тэмцээний Канад-Намибийн багийн тоглолт тус, тус цуцлагджээ.

Эрх баригчдын мэдэгдэж байгаагаар Японд “Хагибис”-ын хэмжээний хүчтэй хар шуурга хамгийн сүүлд 1958 онд болсон бөгөөд 1200 хүн амиа алдаж, хагас сая байшин нурж сүйдэж байжээ.