3х3 сагсны Дэлхийн Гранпри-д түргүүлсэн аваргууд эх орондоо ирлээ

2019 оны 10-р сарын 5-6-нд БНСУ-ын Чежү хотод зохиогдсон 3х3 сагсан бөмбөгийн Дэлхийн гранпри-д Монголын Улаанбаатар ММС Энержи баг түрүүлж, аваргын цомыг авсан Ази тивийн анхны баг боллоо. Мөн багийн ахлагч Д.Дэлгэрням “Most Valued Player (MVP)” буюу тэмцээний “Хамгийн үнэ цэнэтэй тоглогч”-оор шалгарсан юм.

Г.Батцэнгэл захиралтай, С.Тулга дасгалжуулагчтай Улаанбаатар ММС Энержи баг нь Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, Г.Цэнгүүнбаяр, Э.Цэрэнбаатар гэсэн 4 хүний бүрэлдэхүүнтэйгээр энэ удаагийн тэмцээнд тоглосон. Тэдний хувьд 2017 оноос хойш Дэлхийн гранпри-н нийт 10 гаруй тэмцээнд оролцсоны эцэст ийнхүү анх удаа аваргын цомын эзэд болж байна.

Монголын баг маань 3х3 сагсны төрөлд Азидаа чансаагаар илт тэргүүлдэг. Мөн Америк, Европын хүчирхэг багуудтай “тулдаг” гэдгээрээ олон улсад өндрөөр үнэлэгддэг. Энэ удаагийн Дэлхийн гранпри-д л гэхэд хэсгийн эхний тоглолтдоо АНУ-ын Нью-Йорк Харлем багт хожигдсон боловч араас нь БНСУ-ын Инже, ОХУ-ын Нева, Сербийн алдарт Земун, Словенийн Пиран гэх хүчирхэг багуудыг дараалан хожиж, аваргын цомыг хүртсэн юм.

Дэлхийн гранпри, Дэлхийн их дуулга тэмцээнүүдэд хэр амжилттай оролцохоос Олимпын эрх авах онооны хэмжээ шууд шалтгаалдаг. Улаанбаатар ММС Энержи баг сүүлийн хэдэн сард маш олон тэмцээнд дараалан оролцож, амжилт гаргаснаар оноогоо маш сайн цуглуулж байгаа. Энэ утгаараа Токио 2020 олимпын эрх авах өндөр магадлалтай явж байна.

Чежүгийн Дэлхийн гранпри-д Монголын баг Ази тивээс анх удаа түрүүлсэн талаар Дэлхийн сагсан бөмбөгийн холбоо (FIBA) болон Өмнөд Солонгосын Jumpball гэх мэт спортын мэдээний агентлагууд онцлон бичиж, Монголчуудын 3х3 сагсны амжилтыг олон улсад бахдаж байна.

Монголын 3х3 сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багуудыг Энержи Ресурс компани ивээн тэтгэж ажилладаг бөгөөд “Улаанбаатар ММС Энержи” клубын зохион байгуулалттайгаар   олон улсын тэмцээн, уралдаануудад өрсөлдөж байна.

Мундаг тамирчиддаа болон 3х3 сагсан бөмбөгийн спортыг эх орондоо хурдацтай хөгжүүлж байгаа Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо, багш дасгалжуулагчид, ивээн тэтгэгчид, хөгжөөн дэмжигч Монголчууддаа баяр хүргэе!