Улаанбаатар хотыг хөгжүүлэх үндсэн чиглэлүүд ЮУ БАЙВ

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн ээлжит хурал өчигдөр (2019 .10.08) боллоо. Тус хурлаар нийслэл Улаанбаатар хотын нийгэм эдийн засгийг хөгжүүлэх 2019 оны төлөвлөгөөний биелэлт болоод ирэх оны хөгжлийн төлөвлөгөөг хэлэлцлээ. Энэхүү хурлын үеэр хэлэлцсэн зарим асуудал буюу ирэх онд нийслэл хотыг хөгжүүлэх ГОЛ АЖЛУУДААС ОНЦЛОН ХҮРГЭЕ.

  1. Нийслэлд нэг их наяд гаруй төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийнэ

Улаанбаатар хотыг хөгжүүлэх чиглэлд таван бүлэг 26 зорилтын хүрээнд 477 ажил төлөвлөжээ. Эдгээр ажлын буюу үндсэн төлөвлөгөөний биелэлт одоогийн байдлаар 80.4 хувьд хүрсэн байна. Харин үлдсэн ажлуудыг он дуусахаас өмнө хийж дуусгахаар ажиллаж буйгаа холбогдох албаныхан онцоллоо. Түүнчлэн төсөв хөрөнгийн асуудлаас  шалтгаалсан 40 орчим ажил энэ ондоо багтаан хийгдэх боломжгүй болсон гэдгийг мэдэгдсэн юм.

Энэ онд Улаанбаатар хотод олон нийтийн аюулгүй байдлыг хангах хүрээнд агаарын бохирдлыг бууруулах, цагдаагийн байгууллагын бааз суурийг нэмэгдүүлэх, нийтийн тээврийн парк шинэчлэл хийх, мөн түргэн тусламжийн машины хүртээмж, нийслэл хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, авто зам, нийтийн тээвэр, аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг чиглэлд хэд хэдэн зорилт дэвшүүлжээ. Түүнчлэн нийслэлийн удирдлагууд ирэх онд өрхийн амьжиргааг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлд илүү түлхүү анхаарч ажиллахаар төлөвлөсөн байна.  

Ийнхүү 2020 онд хотын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх зорилтыг хангахад нэг их наяд 443 тэрбум 835 сая төгрөгийн санхүүгийн эх үүсвэр шаардлагатай байгаа аж. Тиймээс хязгааргүй хэрэгцээг хязгаарлагдмал санхүүгээр хангаж, зорилтыг амжилттай хэрэгжүүлэхийн тулд нийслэлийн төсвөөс гадна Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Европын сэргээн босголт, хөгжлийн банк, НҮБХХ-ийн сан зэрэг олон улсын байгууллагын  хөрөнгө, санхүүгийн дэмжлэг туслалцааг авна гэдгийг НИТХ-ын дарга Р.Дагва онцолсон юм.

  1. 20 мянган ажлын байрыг шинээр бий болгоно

Улаанбаатар хотыг хөгжүүлэх үндсэн зорилтын нэг нь үйлдвэр технологийн паркуудыг байгуулж, ажлын байрыг нэмэгдүүлэх явдал гэдгийг НИТХ-ын дарга Р.Дагва хэлэлцэх асуудлын эхэнд тэмдэглэв. Тодруулбал, 2020 онд хотын алслагдсан  дүүрэг, суурьшлийн бүсүүд болох Багануур, Багахангай, Налайх, Эмээлтэд шинээр 170 гаруй үйлдвэр байгуулж 20 мянган ажлын байрыг бий болгох зорилт тавьжээ. Энэхүү ажлыг ирэх оноос үе шаттайгаар хэрэгжүүлсэнээр 2021 он гэхэд дуусгахаар төлөвлөсөн байна. Одоогоор ерөнхий төлөвлөгөө, дэд бүтцийн ажлын зураг төслүүд хийгдэж дууссан аж.

Yүний зэрэгцээ иргэдийн өрхийн орлогыг нэмэгдүүлэх үүднээс гарааны бизнесийг дэмжих цогц хөтөлбөр хэрэгжүүлэх зорилт тусгажээ. Энэ хүрээнд жилд 7-10 гарааны бизнесийг шалгаруулан гадаад, дотоодын зах зээлд өрсөлдөхүйц инноваци шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорьж байгаа юм байна.

Мөн НҮБХХ-ийн сангийн дэмжлэгээр Идэвхжсэн 2030 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхийн зэрэгцээ Сэлбэ, Баянхошуу бизнес инкубатор төвийн үйл ажиллагааг жигдрүүлэх зэрэг зорилтыг тусгажээ.

  1. 2020 онд 48 сургуулийн барилга ашиглалтад орно

 Мөн өнөөдрийн хурлын үеэр хэлэлцсэн өөр нэгэн чухал асуудал нь ирэх 2020 онд нийслэл хотод шинээр барьж байгуулах сургууль цэцэрлэгийн асуудал байв. Ирэх жилийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд 48 сургууль, 37 цэцэрлэгийн барилгын ажлыг тусгажээ. Ингэснээр 100 гаруй мянган хүүхэд эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрохын зэрэгцээ боловсролын чанар, хүртээмжийн асуудал шийдэгдэх боломж бүрдэнэ гэж тооцоолсон байна. Түүнчлэн нийслэлийн алслагдсан дүүргийн сурагчдын аюулгүй байдлыг хангах үүднээс  сургуулийн автобусны тоог нэмэгдүүлэх чиглэлд 900 гаруй сая төгрөгийг төсөвлөхөөр тусгажээ. Мөн үүнээс гадна тусгай сургуулиудын тохижилтод зориулан 200  гаруй сая төгрөг төсөвлөсөн байна.

Ийн дээрх Улаанбаатар хотын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид хэлэлцэж, улмаар ИТХ-аар хэлэлцүүлэхийг дэмжиж, баталлаа.

НИЙСЛЭЛИЙН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ XXVIII ХУРАЛДААНЫГ ЭНЭ САРЫН 24-НД ТОВЛОЛОО.

Б.Санта