Угаарын хийнд хордсон шалтгааныг тогтоохоор ажиллаж байна

Өнгөрсөн амралтын өдрүүдэд угаарын хийнд хордсон гэх 16 иргэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан боловч дөрвөн иргэн амь насаа алдсан харамсалтай мэдээлэл бий. Үүнийг түлшнээс болсон уу, хэрэглээний буруу горимноос болсон уу гэдэг асуудал нийгэмд үүссэн. Тэгвэл энэ асуудлын талаар Нийслэлийн Засаг дарга хийгээд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан дараах тайлбарыг өглөө.

Тэрбээр, “Нас барсан иргэдийн гэр бүлд эмгэнэл илэрхийлье. Маш их харамсаж байна. Цаашдаа ийм явдал гаргахгүй байх үүднээс шаардлагатай бүх арга хэмжээг авч байгаа. Нөхцөл байдлыг тодруулахаар бүх талаас нь ажиллаж байна. Яг ямар асуудал байгаа гэдэг дээр урьдчилан сэргийлэх ажлыг хийнэ. Мөн шахмал түлшний үйлдвэрлэл дээр асуудал байна уу, түлшний найрлагад хүний биед харшлах зүйл байгаа юу, хэрэглэх заавар нь ямар байх юм, зөрчигдсөн үү гэх мэтийг тодруулахаар ажиллаж байгаа. Одоогоор 23 төрлийн дээж авч ажиллаж байна. Энэ дагуу Монголд үйл ажиллагаа явуулдаг лаборатори буюу Биологийн төв лаборатори, Ашигт малтмал газрын тосны газрын  лаборатори болон гаалийн лабораторид стандартын хэмжилтийг хийлгэсэн. Мөн найрлага тогтоолгосон. Урьдчилсан байдлаар түлшний шинжилгээний дүн хэвийн буюу стандартын шаардлага хангасан байна гэж гарсан. Гэхдээ бид гаднын лабораторид шинжилгээгээ явуулсан. Бидний мэдээгүй эрсдэл байна уу гэдгийг шалгаж байгаа. Түүнээс гадна үйлдвэр дээр хатуу хяналт тавьж ажиллаж байгаа. Шахмал түлш бол хүн амын эрүүл мэндийн төлөө хийж буй зоримог бөгөөд эрсдэлтэй шийдвэрийн нэг. Үүнийг хэрэгжүүлэхээр холбогдох байгууллагууд ажиллаж байна. Үндэсний хэмжээний асуудал учраас төрийн бүх байгууллага ажиллаж, эрсдэлийг бууруулах, хэрэглээх хэвшүүлэх, алдааг засахаар ажиллаж байна." гэлээ.