"Frankfurt book fair 2019" номын үзэсгэлэн, яармаг Герман улсын Франкфурт хотноо аравдугаар сарын 16-20-ны өдрүүдэд болох гэж байна. Олон улсын хэвлэн нийтлэгч, зохиолч, орчуулагч, номын бизнес эрхлэгч, уншигчид нэг дор чуулдаг хамгийн чухал яармагт "Тагтаа" хэвлэлийн газар оролцож байгаа юм. 

Өмнөх жилийн яармагт 7300 гаруй номын бизнес эрхлэгч, 286,000 зочин, зохиолч, орчуулагч, 10,000 орчим сэтгүүлч оролцсон аж.  Энэ жилийн Франкфуртер Бүхмийсийг ч мөн тус тооны хүн зорино хэмээн үзэж байна. 

 "Франкфурт Бүхмийс" хөтөлбөрт "Тагтаа" хэвлэлийн газрын үүсгэн байгуулагч, орчуулагч Б.Баясгалан "Монголын номын зах зээл"-ийн талаар илтгэл тавилаа. Тэрээр илтгэлдээ Монсудар, Болорсудар, Тагтаа, Непко, Мир компаниудын тухай, Интерном, Азхур дэлгүүрүүдийн талаар, Улаанбаатар номын яармаг, Азхурын 72 цагийн хямдрал, зах зээл дээр борлуулалтын рекорд тогтоосон "Ногоон нүдэн лам"-ын талаар болон уншигчдынхаа талаар ярив.

Ихэнхи орон ном хэвлэлийн салбар нь хэрхэн дампуурч, уншигчид улам цөөрч байгаа тухай ярьж байв. Харин тэд монголын номын зах зээлийн өсөлт, хөгжлийн тухай сонсоод нүд нь орой дээрээ гарсан аж. Тэдэнд Азхурын 72 цагийн хямдралын гадаа номонд очерлон зогсоо залуус, дотор өрнөж буй ном авах гэсэн бужигнааны бичлэгийг үзүүлтэл бүгд шоконд орцгоож байсан юм.