Зориулалтын замаар тээвэрлэлт хийх боломж бүрдлээ

Био комбинат - Шувуун фабрик чиглэлийн автозамыг түгээмэл тархацтай ашигт малтмал тээвэрлэх зориулалтаар даацын замын стандартаар барьсан боловч нийслэлийн Засаг даргын 2016 оны А/520 дугаар захирамжаар уг замаар явах ачааны автомашины бүх жинг 10 тонноор хязгаарласнаас үүдэн хүнд даацын автомашинууд замгүй газраар тээвэрлэлт хийж, улмаар их хэмжээний тоосжилт, орчны доройтлыг үүсгэж байсан юм.

Уг нөхцөл байдлыг арилгах зорилгоор нийслэлийн Засаг дарга 2019 оны аравдугаар сарын 1-ний өдөр А/1034 дүгээр захирамж гарган “Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” MNS 4598:2011 стандартад зөвшөөрсөн хэмжээгээр зориулалтын дагуу барьсан автозамаар тээвэрлэлт хийн ашиглалтын талбайгаас зуурмагийн узель хүрэх боломжийг бүрдүүллээ. Түүнчлэн тээвэрлэлтийн явцад дайрга шороо зам дээр унаж асгарахгүй байх нөхцөлийг бүрэн хангаж, хучлага ашиглах шаардлаг атавин, оршин суугчид, жолооч нарын аюулгүй байдлыг хангах үүднээс тээвэрлэлтийг 08:00 – 22:00 цагийн хооронд хийхээр зохицуулаад байгаа юм.

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо болон Өргөдлийн байнгын хорооны 2019 оны 04/01 дүгээр хамтарсан тогтоолоор нийслэлийн нутаг дэвсгэр дэх түгээмэл тархацтай ашигт малтмалын талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газарт өгсөн чиглэлийн дагуу  нийслэлийн Байгаль орчны газраас төрийн захиргаа, эрдэм шинжилгээний байгууллагууд болон байгаль орчин, барилгын материал үйлдвэрлэл, хүнд даацын ачаа тээвэрлэлтийн мэргэжлийн холбоодын 40 гаруй төлөөллийг оролцуулсан нээлттэй хэлэлцүүлгийг өнгөрсөн сард зохион байгуулсан. Хэлэлцүүлгийн үеэр ХУД-ын 12, 13, 14 дүгээр хороо болон Төв аймгийн Алтанбулаг сумаас түгээмэл тархацтай ашигт малтмал олборлон тээвэрлэж буй үйл ажиллагаанаас дуу чимээ, шороо тоос ихээр гарч иргэдийн аюулгүй, тайван орчинд амьдрах эрх зөрчигдөж байгаа  талаар дээрх хороодын оршин суугчдын гомдлыг, мөн зориулалтын замаар явуулахгүй байгаагаас байгаль орчин доройтож, тоосжилт ихтэй байгаагаас тээвэрлэлтийн аюулгүй байдал алдагдаж байгаа тухай жолооч нарыг хүсэлтийг хэлэлцсэн юм гэж Нийслэлийн Байгаль орчны газраас мэдээлэв.