ЕБС-ийн сурагчдын хараа муудах тохиолдол нэмэгджээ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хараа муудах тохиолдолд нэмэгдэж байгаа нь судалгаагаар  тогтоогджээ. Үүнд компьютер, ухаалаг утас нөлөөлж байгаа аж. Түүнчлэн гадаа тоглохоо болиод, дэлгэцийн хамааралтай болсон нь  хүүхдийн хараанд сөргөөр нөлөөлж байгааг эмч нар хэлж байна.

Хүүхэд төрөхдөө гэрэл мэдрэх хараатай төрдөг ба 2-4 сартайгаас эхлэн тогтоож харах, нийлүүлж харах процесс аажимдаа хөгжиж эхэлдэг. Ингээд 5-6 настайд нийт харааны 70-80 хувь тогтдог. Гэтэл яг харааны чадвар хөгжиж байх энэ насанд нь ухаалаг утас таблет хэрэглүүлэх, нэн ялангуяа удаан хугацаанд  дэлгэц харуулах нь маш их хор нөлөөтэйг эмч нар хэлж байна.

АШУҮИС-ийн нүд судлалын тэнхимийн багш Б.Өнөдэлэг “Харааны болон нүдний эмгэгүүд ихсэх хандлагатай байгаа. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд иргэд 6 сараас нэг жилийн хугацаатай тогтмол нүдний эмчид үзүүлж байх шаардлагатай. Монгол Улсын бүх дүүрэг 21 аймагт нүдний эмч ажилладаг. Тиймээс мэргэжлийн эмчид хандаж байгаарай гэж зөвлөе” хэмээн хэллээ.

Улсын хэмжээнд харааны бэрхшээлтэй 11 мянга гаруй иргэн байдаг. Сүүлийн жилүүдэд харааны бэрхшээлтэй иргэдийн тоо нэмэгдэж, залуужих хандлага ажиглагдаж байна. Тиймээс хүүхдийнхээ нүдэнд анхаарлаа хандуулж, эмчид тогтмол үзүүлж байхыг эмч нар зөвлөлөө.