Баавгай дайрсны улмаас аав хүү хоёр амь насаа алджээ

Сибирийн түймрээс болж идэш, тэжээлийн хомсдолд орсон хүрэн баавгай Хэнтий, Дорнод, Сэлэнгэ, Төв, Дархан-Уул аймгийн сум сууринд орж ирсэн тохиолдол хэд хэдэн газарт бүртгэгдээд байгаа билээ.

Тэгвэл Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт нутаглаж байсан айлын гэрт баавгай орж, хоёр иргэний аминд хүрчээ. Тодруулбал 2019.10.01-нээс 02-нд шилжих үүрээр гэртээ унтаж байсан аав хүү хоёрыг баавгай идэж, гар хөл, толгойг нь тасдсан байжээ. Тэднийх тус суманд бичил уурхай эрхэлдэг байсан тул уурхайн ордынхоо ойролцоо нутаглаж байсан аж. Гэрийн эзэгтэй  Улаанбаатар хотод ажил хөөцөлдөхөөр ирсэн хойгуур ийн золгүй явдал болсон байна. Эх сурвалжийн зүгээс "Гэрийн эзэн хүүтэйгээ хамт уурхайгаа сахиад үлдсэн. Эхнэр нь бидэнтэй хамт ажлаар хотод ирсэн. Бид бүгд нэгдээд хоршоо байгуулаад бичил уурхай эрхэлдэг юм. Бүх зүйл зөвшөөрөлтэй. Сум орон нутагтаа татвараа төлдөг, ус ашигласны төлбөр, нөхөн сэргээлт бүгдийг хийдэг. Гэтэл Засгийн газраас гэнэт шийдвэр гаргаж бидний уурхайг хааж,техник хэрэгсэл битүүмжилсэн. Энэ асуудлыг ерөнхий сайдад танилцуулж зөвшөөрлөө сэргээлгэхээр ирээд байх хойгуур ийм зүйл болжээ. Энэ жил жимс ногоо тааруухан ургасан учраас баавгай идэш хоол багасаж мал, хүн рүү дайрах нь ихэссэн" хэмээн хэллээ.

Энэ мэт золгүй явдлаас урьдчилан сэргийлэх үүднээс Сэлэнгэ аймгийн Хүдэр, Жавхлант, Ерөө, Тэшиг зэрэг сумдын Байгаль орчны байцаагчид, засаг дарга, төрийн албан хаагчид 24 цагийн турш эргүүлж хийж, иргэдээ хамгаалахын төлөө ажиллаж байна.