АХБ: Монголд 103 САЯ АМ ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТ ОЛГОНО

Азийн хөгжлийн банкнаас Монгол Улсад хилийн боомтын хүчин чадлыг нэмэгдүүлж, шинэчлэн засварлах, дүүргийн жишиг эмнэлгийн барилгын ажлыг дуусгах, авто замын их засвар, шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэх зорилго бүхий нийт 103 сая ам.долларын санхүүжилт олгохоор боллоо.

Төслүүдийн гэрээг Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, АХБ-ыг төлөөлөн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмэн нар үзэглэв.

 103 сая ам.долларын санхүүжилтийг гурван том төсөлд зарцуулна.  Тухайлбал, 

  • Сүхбаатар аймаг дахь Бичигт, Увс аймаг дахь Боршоо боомтуудыг шинэчлэн сайжруулах - 27 сая ам.доллар,
  • Дархан – Алтанбулаг чиглэлийн 118 километр авто зам, Хүйтний хөндий - Арвайхээр чиглэлийн 58 километр авто замын их засвар, шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэж, Улаанбаатар - Дархан чиглэлийн 204 километр авто замын засвар, шинэчлэлтийг хийж дуусгах - 60 сая ам.доллар,
  •  "Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-4" төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт баригдаж буй дүүргийн нэгдсэн эмнэлгийн ажлыг гүйцэтгэж дуусгах - 16 сая ам.доллар төсөвлөжээ.

АХБ нь Ази, Номхон далайн бүс нутагт нэн ядуурлыг арилгах хүчин чармайлтаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ цэцэглэн хөгжсөн, хүртээмжтэй, тогтвортой, сөрөг нөлөөг даван туулах чадвартай бүс нутгийг цогцлоохын төлөө тууштай ажиллаж байна. 2018 онд АХБ-наас 21.6 тэрбум ам.доллартай тэнцэх шинэ зээл, тусламжийг үзэглэжээ. Анх 1966 онд байгуулагдсан тус банкны нийт 68 гишүүн орны 49 нь тухайн бүс нутагт оршдог.