Гишүүн асан Д.Гантулгын шүүх хурал хойшиллоо

УИХ-ын гишүүн асан Д.Гантулга 2017 оны хавар иргэн Ч.Наранзаяаг хүчирхийлэн, бэлгийн дур хүслээ хангасан хэрэгт холбогдсон билээ. Тэрээр энэ хэргээс болоод 2018 оны 4 сарын 11-нд УИХ-ын гишүүнээс татгалзах хүсэлтээ албан ёсоор гаргасан.Түүнийг нийслэлийн прокурорын газраас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн  Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр шилжүүлсэн байдаг.

Тус зүйл ангид хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заажээ.

Д.Гантулгад холбогдох шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнгөрсөн долоо хоногт Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж яллагдагчийг шүүхэд шилжүүлж гэм бурууг шүүх хуралдааныг 2019 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 10.00 цагт товлосон байсан аж. Гэвч шүүх хуралдаан өнөөдөр товлосон цагтаа Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн ч яллагдагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч хойшлууллаа. Дашрамд дурдахад уг хэргийн шүүх хурал удаа дараа зарлагдсан ч хэд хэдэн удаа хойшилж байжээ.