АХБ-наас 101.5 сая ам.долларын зээл олгоно

Азийн хөгжлийн банкнаас Монгол Улсын эрүүл мэнд, дэд бүтцийн салбарыг хөгжүүлэхэд зориулж 101.5 сая ам.долларын зээл олгох болжээ. Уг зээлийн гэрээнд хэлэлцээрт Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, АХБ-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Ёлонда Фернандез Ломмен нар гарын үсэг зурлаа.

Уг зээлийн 27 сая ам.доллараар “Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төсөл”-ийг хэрэгжүүлэх юм. Төслийн хүрээнд Бичигт, Боршоо боомтыг шинэчлэх, Алтанбулаг, Сүхбаатар боомтын барилга байгууламж, тоног төхөөрөмжийг сайжруулна. Мөн Гаалийн автоматжуулсан системийн өргөтгөл, гадаад худалдааны цахим нэг цонхны үйлчилгээг нэвтрүүлэх аж.

“Бүс нутгийн авто замыг хөгжүүлэх, засвар, арчлалтын төслийн нэмэлт санхүүжилт” болох 60 сая ам.долларыг Хүйтний хөндий-Арвайхээрийн 58 км авто зам, Улаанбаатар-Дарханы 204 км авто замын их засар, шинэчлэлтэд зориулна. Харин 16 сая ам.долларыг , “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-4”-ийн хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт барьж буй дүүргийн нэгдсэн эмнэлгийн ажлыг дуусгахад зарцуулах юм.

Зээлийн хугацаа 25 жил, хүү хоёр хувь байх бөгөөд зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөх хугацаа таван жил байна. Түүнчлэн дээрх төслүүдийг хэрэгжүүлэх бусад зардлыг санхүүжүүлэх зорилгоор 1.5 сая ам.долларын буцалтгүй тусламж олгох аж.