С.Баяр: Энэ хэргийг захиалагч, зохион байгуулагчид олдохоос нааш бидний санаа амрахгүй

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсан амь насаа алдаад 21 жил өнгөрч байна. Түүний дурсгалыг хүндэтгэж, өнөөдөр хөшөөнд нь цэцэг өргөлөө. Арга хэмжээнд С.Зориг агсны гэр бүл,  АН-ын дарга С.Эрдэнэ,  ШИНЭ-ын удирдлага Ж.Батзандан, Л.Болд болон иргэдийн төлөөлөл оролцов. Хүндэтгэл үзүүлэх ёслолын үеэр ах С.Баяр "Энэ аллага үйлдэгдээд 21 жил боллоо. Энэ хугацаанд ар гэрийнхэн бид хэргийг шуурхай шийдвэрлэх талаар хүсэлтээ төр засагтаа гаргасаар ирсэн. Бид энэ хэргийг захиалагч, зохион байгуулагчид олдохоос нааш бидний санаа амрахгүй. Бидний гомдол тайлагдахгүй. Хэрэг илэрнэ гэж бид итгэсээр ирсэн. Хэрэг илэрч байж Монголын ард түмний хүндэтгэдэг хүүгийн харамсалтай тавилангийн эцсийн хариуг сонсоно гэж бодож байна" гэв..

УИХ-ын гишүүн Ж.Батзандан,  1998 оны аравдугаар сарын 2-н бол Монголын ард түмний хувьд хар өдөр байсан юм. Эх оронч, үндэсний ардчилсан хувьсгалын удирдагч С.Зоригийг амийг хэсэг бүлэг этгээдүүд гэрт нь хороосон өдөр байсан. Аравдугаар сарын 2-ны өдөр бол мөн үндэсний үзэлтэн Төмөр-Очир гуайг хороосон өдөр. Монголын хоёр том эх орончийг зохион байгуулалттайгаар амийг нь хороосон гэж ойлгодог.

үндэсний эрх ашиг бусад бүх эрх ашгаас эрэмбэ дарааллын хувьд хамгийн дээр нь байх ёстой гэж С.Зориг агсан хэлж байлаа. 21 жилийн тэртээх тэр хар өдөр Зориг агсны амиа алдсан тэр өдрөөс хойш Монголын ардчилал буруу замаар будаа тээсэн гэж хардаг юм. Баян хоосны ялгаа эрс нэмэгдэж, хэдхэн гэр бүл баян тарган болж, Монголын ард түмэн нийтээрээ ядуурлын зам руу орсон.

С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийг үнэн зөвөөр нь илрүүлэх, захиалагч, алуурчныг илрүүлэхийг Монголын төр, төрд ажиллаж байгаа хүмүүс хүсэхгүй байгааг бид харж байна. УИХ-д Банзандан, Болд, Нямдорж нарын долоон гишүүн оролцсон түр хороог өнгөрсөн жил бид байгууллаа. Энэ гэмт хэргийг захиалагчид илэрнэ гэдэгт бид итгэлтэй байна.

УИХ-ын гишүүн Л.Болд, Аравдугаар сарын 2 Монголын түүхэнд тохиосон хар өдөр. Энэ аймшигт хэрэг илрэх нь улам бүрхэг болж байгаа. Хоёр гэмгүй хүнд ял тулгаж, шоронд хорьсон. Тэднийг эрүүдэн шүүсэн аймшигтай хэрэг илэрсэн. Гэхдээ бид эрүүдэн шүүгдсэн хүмүүсийг цагаатгах талаар Монголын ард түмэн дуу хоолойгоо нэгтгэх хэрэгтэй байна. Үүний төлөө Түр хороо ажиллах болно гэв.