Тусгай сангуудыг цөөлж, ил тод болгоно гэв

УИХ-ын өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар өнгөрсөн оны улсын төсвийн гүйцэтгэлийг хэлэлцлээ.

Энэ үеэр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Хөрөнгө оруулалтын гүйцэтгэл 84.9 хувьтай байна. Үүнээс концессийн гүйцэтгэл 95 хувьтай байна. Төсөв батлахдаа 100 хувийн гүйцэтгэлтэй гэдэг. Газар, тендэртэй холбоотой асуудал удах тохиолдол бий. Хуульд өөрчлөлт оруулсан. Хөрөнгө оруулалтад Барилгын хөгжлийн газар хяналт тавьдаг. Засгийн газрын тусгай 29 санд шалгалт явуулсан. Нэлээд зөрчил гарсан. Тэрхүү 29 сангаа 22 болгож цөөрүүлэх, үйл ажиллагааг нь нээлттэй болгох зорилгоор төсөвтэй хамт хуулийн төсөл өргөн мэдүүлсэн. Ер нь тусгай сангуудыг цөөлж, ил тод болгоно" гэв. 

Түүнчлэн "Тогтворжуулалтын санд 207 тэрбум төгрөгийн хуримтлалтай. Ирээдүйн өв санд 600 тэрбум төгрөгийн хуримтлал байгаа. Гэхдээ Ирээдүйн өв сангаас өр төлөгдөөд 310 тэрбум төгрөг хуримтлагдаад байгаа. Уг нь хуулиараа энэ мөнгийг корпораци байгуулж яваад 2030 оноос зарцуулж явах учиртай. Гэхдээ бид холбогдох хуульд нь өөрчлөлт оруулж, мөнгийг нь олон улсын үнэт  цаасанд байршуулж явна" хэмээн хэллээ.